ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУЛЬ ЁСНЫ ӨВЛӨГЧИД ХӨРӨНГИЙГ АДИЛ ХЭМЖЭЭГЭЭР ӨВЛӨХ ЭРХТЭЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 301 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.11.30-ны өдрийн 151/ШШ2022/01287
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй /давж заалдсан/.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Т, Ш, Б, Б нар нь шүүхэд хандаж “Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, хууль ёсны өвлөгчдөөр тогтоолгох” нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ц нь “ ... гэрээслэл үйлдэгдээгүй, мөн миний бие талийгаачтай албан ёсоор гэрлэлтээ батлуулсан эхнэр нөхөр байсан, мөн нэхэмжлэгч нар нь өвлөх эрхээ алдсан” гэж,
Хариуцагч Н нь “ ... Миний бие холбогдох хууль, журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. ... Нэхэмжлэгч Т, Ш, Б нарын хувьд нэг жилийн дотор хүсэлтээ гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч Б-ийн хувьд 3 сарын дотор хүсэлтээ зохих байгууллагад гаргах ёстой байсан. Нотариатчийн хувьд хууль ёсны гэр бүлд нь буюу иргэн Ц-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлаж маргасан.
Талийгаач Т нь нас барахын өмнө Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 6/1 байрны 48 тоотод оршин сууж байсан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогддог.
Хуульд “Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ”,
“Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана” гэж тус тус зааснаар өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар буюу өв нээгдсэн газар нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг байхад маргаж буй өвлөх эрхийн гэрчилгээг Төв аймгийн тойргийн нотариатч олгосон нь Иргэний хууль, Нотариатын тухай хуульд нийцээгүй.
Нөгөөтэй гүүр нэхэмжлэгч Т, Ш, Б, Б нар нь талийгаач Т-ийн хүүхдүүд болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх ба хуульд зааснаар өвлүүлэгчийн хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй этгээдүүд байхад, мөн тэдгээр нь өвлүүлэгчийг нас барснаас хойш өвлөгдөх хөрөнгө буюу Төв аймгийн нутагт байрлах тариалангийн зориулалттай 10.. га газрыг хариуцагч Ц-ийн хамт ашиглаж, эрхлэн удирдаж байсан болох нь тогтоогдож байхад Нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь хэн болох, уг өвлөгч өв хүлээн авахаас татгалзсан эсэх, адил хэмжээгээр өвлөх эрхтэй өөр өвлөгчид байгаа эсэх, тэдгээр нь өвлөгдөх эд хөрөнгийг ... эрхлэн удирдаж байгаа эсэх, хууль ёсны өвлөгчдийн хооронд өвлөгдөх хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг урьдчилан тодруулж Нотариатчидын танхим болон бусад байгууллагаас холбогдох лавлагаа, тодорхойлолтыг бүрэн авалгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд шүүх Төв аймгийн тойргийн нотариатч Н-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 00.. бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож, өвлүүлэгч Т-ийн хүүхдүүд болох нэхэмжлэгч Т, Ш, Б, Б нарыг Т-ийн хууль ёсны өвлөгчид болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун