ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ГЭМ ХОР УЧРУУЛСАН ЭТГЭЭДЭЭС ЦАЛИН ХӨЛСНИЙ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛАВ
2023-11-15 Админ Хандсан тоо: 212 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.11.30-ны өдөр, №151/ШШ2022/01286
Тоймын дугаар, огноо: 2023.01.22
Шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Дорж нь газар тариалангийн ажил эрхэлдэг “А” ХХК-д сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд хөлдөө гэмтэл аваад суга таягтай хөдөлмөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл 8 сарын хугацааны цалингаар хохирсон үндэслэлээр 9,600,000 төгрөгийг шаарджээ.
Хөдөлмөрийн гэрээ, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр цалин, хөлс, урамшуулал олгож байгаа бол өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажил олгосон байгууллага нь гэрээг бичгээр байгуулсан эсэхээс үл хамааран олгож буй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцон суутгаж, үлдсэн орлогоос хувь хүний орлогын албан татварыг суутган, цалин хөлс, урамшууллыг бэлэн болон бэлэн бусаар олгож, суутган авсан шимтгэл, татварыг холбогдох төрийн байгууллагад тайлагнах үүргийг хуулиар хуулиар хүлээнэ.
Нэхэмжлэгч нь улирлын чанартай ажлыг 2019 оноос хойш тогтмол хийж байгаа гэж тайлбарлан ажил олгогчийн тодорхойлолт, цалин хөлсний тодорхойлолтыг үндэслэн шаардлага гаргаж байх боловч Монгол Улсын хуульд заасан журмын дагуу татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь нотлогдсон тул Доржийг сард 1,200,000 төгрөгийн цалин хөлстэй ажилладаг гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч, түүнээсээ хуульд заасан татвар, шимтгэл төлдөггүй болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч цалин хөлс нэхэмжилсэн тул түүний цалин хөлсний нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн 3,360,000 төгрөгийг хариуцагч Г-ээс гаргуулан нэхэмжлэгч Доржид олгож шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн