ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГА /ЛОМБАРД/ НЭМЭГДҮҮЛСЭН ХҮҮ ТООЦОН ГАРГУУЛАХ ЭРХГҮЙ
2023-11-15 Админ Хандсан тоо: 196 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.11.04, 151/ШШ2022/01230
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв
Агуулга: Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,926,254 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Г нь: “Т” ХХК-аас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 9,700,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, 9360 улсын дугаартай хар өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авсан. Тухайн тээврийн хэрэгсэл болон зээлийн төлбөрийг аль алиныг нь гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж заасан.
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-гээр нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч Г нар нь Тоёота приус 20 маркийн 9360 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байх боловч хариуцагч Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, фидуцийн гэрээний зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн байна.
Хариуцагч нь гэрээний үндсэн зээл, хүү, алдангийн тооцооллын талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн зээл 8,990,688 төгрөг, зээлийн хүү 9,440,222 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,495,344 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж, хариуцагчаас үндсэн зээл 8,990,688 төгрөг, зээлийн гэрээний хугацааны хүү болох 9,361,022 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
Нөгөөтээгүүр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алданги тооцох талаар тохиролцоогүй, харин гэрээний 5 дугаар заалтад нэмэгдүүлсэн хүүгийн талаар заасан байна.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ байх ба тус байгууллага банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхгүй байв.
Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /ББСБ/ нь зээлийн гэрээнд зааснаар зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах эрхтэй байх бөгөөд харин барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх байгууллага /ломбард/ нь нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах эрхгүй болохыг дурдаж, хариуцагч Г-өөс үндсэн зээл 8,990,688 төгрөг, зээлийн хүүд 9,361,022 төгрөг, нийт 18,351,710 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,574,542 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цхаим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун