ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ҮРЧЛЭЛТИЙГ ХУУЛЬД ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ХҮЧИНГҮЙД ТООЦНО
2023-11-15 Админ Хандсан тоо: 196 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.10.14 №867
Тоймын дугаар,огноо: №02, 2023.01.11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Т шүүхэд хандаж “... намайг 1999 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өвөө болох Х, эмээ болох А нарт үрчлүүлсэн. Миний төрсөн эх Ж нь малчнаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил нь хүрэлцээгүй учраас хүүхдийн тоогоор ажилласан жилээ нэмүүлж өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй байгаа тул шүүхэд тухайн үрчлэлт хийгдсэн бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэж хүсэлт гаргажээ.
Шүүхээс улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн үрчилсний бүртгэлийн журналд 1999 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай захирамжаар үрчлэлт хийгдсэн талаар тэмдэглэл хийгдсэн, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т зааснаар Т-г А, Х нарт үрчлүүлсэн тухай Засаг даргын захирамж гаргаагүй болох нь тогтоогдож байгаа боловч тухайн үед үрчлэлтийн бүртгэл хийгдсэн нь мөн байгууллагаас ирүүлсэн үрчилсний бүртгэлийн журнал, үрчлэлтийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн.
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэлд эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд хамаарахаас гадна бусад хүндэтгэн үзэх үндэслэл хамаарахаар тус тус Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2-т хуульчилсан.
Мөн хуульд заасан дээрх үндэслэлээс гадна үрчлэгдсэн буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд нь хүүхэд байх шаардлагатай.
Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүүхэд гэж 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ” гэж тус тус зааснаар 18 насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд үрчлэлтийг хүчингүйд тооцох эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.
Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг цаашид асран хамгаалах, тэжээн тэтгэх асуудлыг хамтад нь шийдвэрлэх учиртай.
Харин шүүхэд хүсэлт гаргасан иргэн Т нь 1993 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн 29 настай буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд тул түүнийг хүүхэд гэж үзэхгүй, Т-г төрүүлсэн эцэг, эхийн асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д зааснаар тэдгээрийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон байна.
Т нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ төрүүлсэн эх нь малчнаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил нь хүрэлцээгүй учраас хүүхдийн тоогоор ажилласан жилээ нэмүүлж өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй байгаа гэж тайлбарласан бөгөөд энэхүү үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасанд хамаарахгүй тул анхан шатны шүүх Т-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хүсэлт гаргагч Т нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, иргэн Т-ийн гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл