ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах нь: ХБНГУ-ын туршлага” сэдэвт сургалт боллоо
2026-09-24 Админ Хандсан тоо: 342 Хуваалцах
Шүүхийн академи, Ханнс Зайделийн сан хамтран “Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах нь: ХБНГУ-ын туршлага” сэдэвт сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотын Дээд шүүхийн шүүгч Штефани Менер “Германы хүүхдийн эрх зүйн үндсэн зарчмууд”, ХБНГУ-ын Холбооны Нийгмийн хамгааллын шүүхийн шүүгч Андреа Биндих “Германы нийгмийн эрх зүй дэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх – эцэг, эх тусдаа амьдрах болон гэр бүл салалтын үеийн нийгмийн хамгаалал, дэмжлэгийн үйлчилгээ” сэдвээр тус тус удирдан явуулсан юм.

Сургалтад гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх анхан болон давж заалдах шатны шүүхийн 22 шүүгч хамрагдаж, хүүхдийн эрх, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ХБНГУ-ын эрх зүйн зохицуулалт, шүүхийн практикийн талаар мэдлэг, туршлага солилцлоо.
Энэ үеэр Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар ХБНГУ-ын шүүгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн талаар мэдээлэл солилцов.
ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотын Дээд шүүхийн шүүгч Штефани Менер, тус улсын Холбооны Нийгмийн хамгааллын шүүхийн шүүгч Андреа Биндих нар Монгол Улсын шүүгч нарт туршлагаасаа хуваалцах боломж олгосонд Шүүхийн академийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийллээ. Тэд маргааш Улсын дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ