Кибер орчныг ашиглаж хулгай хийсэн үйлдэл бүрийг нийлмэл гэмт хэргээр зүйлчлэхгүй
2026-07-01 Админ Хандсан тоо: 24 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2026.05.26-ны өдрийн 2026/ХШТ/54 дүгээр тогтоол (хэсэгчлэн авав)

Шүүхийн шийдвэрийн тойм: №87 /ЭХТ-27/, 2026.06.26

Төлөв: Хүчинтэй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Б нь “А” ХХК-д түр хугацаанд ажиллаж байхдаа тус хуулийн этгээдийн дансанд интернэт банкны эрх үүсгэх гэрээ байгуулахад оролцон, интернэт банк руу нэвтрэхэд шаардагдах мэдээллийг олж авч, интернэт банкны аппликейшнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч танилцсан, улмаар данснаас нь 297,800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б-г хулгайлах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан, мөн кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Хяналтын шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дараах дүгнэлтийг хийв.

1.Эрүүгийн хуулиар хамгаалсан хэд хэдэн эрх ашигт халдаж, хохирол, хор уршиг учруулсан, эсхүл хэд хэдэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд түүний хууль зүйн үр дагаврыг тодорхойлохдоо олонлог ба нэгдмэл гэмт хэргийн ойлголтыг баримталдаг байна.

Субъект цаг хугацааны хувьд дэс дараатай хэд хэдэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ерөнхий нэг гэмт санаа зорилгын дор, нэг халдлагын зүйлийн эсрэг чиглэж, үйлдэл бүр нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн, дотоод уялдаа холбоонд оршин нэг хор уршигт хүргэсэн бол нэгдмэл нэг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулна. Энэ төрлийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйд зөрчигдсөн хэлбэрийн хувьд хоёр өөр объектын нэг нь нөгөөдөө багтсан, эсхүл хэсэг нь болсон шинжтэй байж болдог.

Харин нэг, эсхүл хоорондоо уялдаа холбоогүй хэд хэдэн үйлдлээр, өөр өөр цаг хугацаанд, харилцан хамааралгүй өөр өөр объектуудад халдсан бол олонлог буюу хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж, гэмт үйлдэл тус бүрт тохирох ялыг оногдуулж, нэмж нэгтгэх замаар хууль зүйн үр дагаврыг тогтооно.

Ийнхүү гэмт этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн хоёр, түүнээс дээш зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нөхцөлд нэгдмэл, эсхүл олонлог гэмт хэргийн аль нь болохыг тодорхойлоход халдлагын зүйл, гэмт хэрэг үйлдсэн газар, арга, цаг хугацаа, хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, бусад нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн харгалзан үзэх шаардлагатай.

2.Мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд харилцаа холбоо, төлбөр тооцоо зэрэг өдөр тутмын энгийн үйл ажиллагаанаас эхлээд үндэсний аюулгүй байдалд хамаарах бүхий л мэдээлэл цахим хэлбэрт үүсэн хадгалагдаж, эх хувь гэж тооцогдох болсон тул цаасан мэдээллийн эзлэх хувь тасралтгүй буурч, мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах үйл ажиллагаа бүрэн буюу ихэнхдээ кибер орчинд явагдах нөхцөл бүрджээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын шинжээчдийн тодорхойлсноор кибер гэмт хэрэг гэдэгт мэдээллийн технологи ашиглаж үйлдсэн гэмт хэрэг, эсхүл мэдээллийн сүлжээ, мэдээллийн систем, мэдээлэл, цахим хаяг, технологийн эсрэг чиглэсэн үйлдлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, кибер гэмт хэрэг гэх нэршлийн дор тусгайлсан бүлэг гэмт хэргүүдийг багтаах бус Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашигт хохирол, хор уршиг учруулахдаа компьютер, компьютерын сүлжээ, интернэт ашиглан үйлдэж буй бүх хууль бус үйлдлийг хамтатган ойлгох нь зүйтэй юм.

Иймээс олон улсын түвшинд кибер гэмт хэргүүдийг шинж чанараар нь “cyber-enabled crimes” буюу кибер орчныг ашиглаж үйлддэг гэмт хэргүүд болон “cyber-dependent crimes” буюу кибер орчинд л үйлдэгддэг гэмт хэргүүд гэж хоёр ангилж үздэг. Кибер орчныг ашиглаж үйлддэг гэмт хэргүүдэд интернэт, цахим технологийн тусламжтайгаар үйлдэгдэж буй уламжлалт хэргүүдийг хамааруулдаг бол зөвхөн кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргүүдэд хакердах, хортой программ хангамж бүтээх, ашиглах гэх мэт зөвхөн компьютер, компьютерын сүлжээ, программуудыг ашиглаж, түүний эсрэг үйлдэх боломжтой гэмт хэргүүдийг уг ангилалд хамааруулна.

Кибер орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүд нь гэмт этгээдийн гэмт үйлдлээ хэрэгжүүлэх цаг хугацаа, орон зай, арга хэрэгслийг тэлж байдгаараа уламжлалт аргаар үйлдэгдэж буй гэмт хэргүүдээс нийгмийн аюулын түвшин их байна. Түүнчлэн мэдээллийн технологийн шилжилтийг дагаад уламжлалт хэлбэрээр үйлдэгддэг байсан гэмт хэргүүдийн үйлдлийн арга, хэлбэр өөрчлөгдсөөр байх ба кибер орчинд үйлдэгдсэн тодорхой гэмт үйлдлийн халдлагын зүйл, объект, гэмт санаа зорилго зэргээс шалтгаалан мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлын эсрэг тусгай гэмт хэрэг, эсхүл уламжлалт гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн эсэхийг тодорхойлж байна.

3.Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд мэдээллийн сүлжээ, мэдээллийн системд хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр хандаж нэвтрэх, мэдээлэлтэй танилцах зэргээр нууцлалыг зөрчсөн, мөн мэдээллийг устгах, гэмтээх, өөрчлөх, засварлах, нуух, нэмж оруулах, хуулбарлаж авах, ашиглах боломжгүй болгох зэргээр мэдээллийн бүрэн бүтэн байдалд халдсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Б нь данс эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу олж авсан нэвтрэх мэдээллийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь хулгайлах гэмт хэргийг интернэт сүлжээ, цахим технологи ашиглаж үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн интернэт банк буюу цахим мэдээллийн системд байршсан мэдээлэлд түүний эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хандан нэвтэрсэн үйлдэл нь тус системд холбогдсон цахим данснаас мөнгө хулгайлах санаа зорилгоо хэрэгжүүлэх үйлдлийн ердийн үр дагавар буюу мөнгийг нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэлтэй харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн шинжтэй байх тул хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжид багтсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б нь “А” ХХК-д ажиллахаар харилцан тохиролцож, тус хуулийн этгээдийн эзэмшлийн дансанд интернэт банкны эрх үүсгэх гэрээнд шаардагдах мэдээллийг хохирогчийн зөвшөөрлөөр олж авсны дараа шунахайн сэдэлтээр тухайн мэдээллийг ашиглан тус интернэт банкны дансанд байршуулсан мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлджээ.

Тоймыг бэлтгэсэн:  Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан