ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ БҮРТГЭСНИЙГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2026-08-26 Админ Хандсан тоо: 8 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026.02.06-ны өдрийн 128/ШШ2026/0145
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба шүүхийн шийдвэрийн үндэслэлийг танилцуулах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
“М” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “1/ Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороололд... байршилтай, улсын бүртгэлийн ... дугаар үл хөдлөх хөрөнгийг иргэн Ц.Ж-д, 2/ мөн иргэн Ц.Ж..-ээс иргэн Х.Э-д шилжүүлэн бүртгэснийг тус тус хүчингүй болгуулж, 3/ тус үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчээс “маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг зөрчиж, хууль бусаар Ц.Ж-ийн өмчлөлд шилжүүлсэн” гэж, хариуцагчаас “иргэн Ц.Ж-г өмчлөгчөөр тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00337 дугаар шийдвэрийг үндэслэн хуульд заасны дагуу бүртгэсэн” гэж тус тус маргадаг.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана.” гэж заасан. Энэхүү заалтаар 1/ шүүх эсхүл арбитрын хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөх эрхээ тогтоолгосон байх, 2/ шийдвэрээр эрх олж авч байгаа этгээдийн гаргасан мэдүүлгийг үндэслэн хөрөнгийн эрхийн шилжилтийг бүртгэхээр тусгасан.
Энэ тохиолдолд нэгт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 102/ШШ2021/00337 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, …тоот 52,62 м.кв талбай бүхий орон сууцыг иргэн Ц.Ж нь өмчлөх эрхтэй болох”-ыг тогтоожээ.
Хоёрт, тус шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон иргэн Ц.Ж-ээс …үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд шаардлагатай баримтуудыг хавсаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг бүртгэлийн байгууллагад гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр өмлөгчөөр тогтоогдсон иргэн Ц.Ж-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн, мөн энэ талаар нэхэмжлэгч “М” ХХК-д урьдчилан мэдэгдсэн байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн.
Гуравт, ингэснээр иргэн Ц.Ж нь тус үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдад худалдсантай холбогдуулан тухайн хөрөнгийн бүртгэлийг иргэн Х.Э-д шилжүүлэн бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хуульд зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн бүтнээр унших цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/20363?daterange=2025-01-01%20-%202026-08-25&id=1&court_cat=3&bb=1
ТОЙМ БЭЛТГЭСЭН: НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН