Алдуул малыг эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангана
2026-07-01 Админ Хандсан тоо: 32 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2026.06.03-ны өдрийн 2026/ХШТ/58 дугаар тогтоол (хэсэгчлэн авав)

Шүүхийн шийдвэрийн тойм огноо, дугаар: №88 /ЭХТ-28/, 2026.06.30

Төлөв: Хүчинтэй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Х өөрийн адуун сүрэгт нь нийлсэн байсан бусдын эзэмшлийн 1 тооны хээр зүсмийн, шүдлэн насны байдсыг идшиндээ хэрэглэх зорилгоор хулгайлж, шүүгдэгч Э-тэй бүлэглэн, түүнтэй хамтран махалж, бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч Э нь бусдын эзэмшлийн адуу гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Х-д адууг махлахад тусалж дэмжин, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж зүйлчилж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын прокуророос шүүгдэгч нар нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн эсэхээс шалтгаалж хэргийн зүйлчлэлийг тогтоох нь хуульд нийцнэ гэх агуулга бүхий эсэргүүцлийг хяналтын шатны шүүхэд хандан гаргажээ.

Хэргийн үйл баримтыг дүгнэж, гэмт хэргийг зүйлчлэхдээ шүүхээс Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглох зарчмыг чанд баримтлах бөгөөд эрх зүйн хэм хэмжээний өрсөлдөөн үүссэн тохиолдолд тусгай хэм хэмжээгээр зүйлчилж хэргийг хянан шийдвэрлэнэ. Энэхүү үйл явцад шүүх хууль тайлбарлах онол, арга зүйд тулгуурлан хууль тогтоогчийн хүсэл зоригийг тайлбарлах, тухайн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг зөв танин мэдэх, түүнчлэн ижил төстэй бусад гэмт хэргүүдээс хэрхэн ялгаж зүйлчлэх хууль зүйн хэмжүүрийг бий болгохуйц замаар тухайн гэмт үйлдэлд тохирох зүйлчлэлийг эргэлзээгүйгээр, үнэн зөв тогтоох үүрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн тунхагласантай уялдуулан хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг бие даасан зүйл ангиар хуульчлан эрх зүйн хамгаалалтыг баталгаажуулсан.

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/ зүйлчлэл хоёулаа бусдын өмчлөх эрхийн эсрэг, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэргүүд боловч гэмт хэргийн халдлагын зүйл болон оногдуулах ялын бодлогын хувьд ялгаатай байдаг.

Иргэн хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлсэн эсэхээс хамаарч эдгээр гэмт хэргүүдийн шинжийг хооронд нь зааглах, хэргийг зөв зүйлчлэх хууль зүйн хамгийн гол шалгуур болох нь хууль хэрэглээнд нэгэнт тогтсон жишиг билээ.

Тодруулбал, алдуул малыг олсон этгээд хуулиар хүлээсэн үүргээсээ санаатайгаар зайлсхийх эс үйлдэхүйг сонгож, тухайн малыг хууль бусаар захиран зарцуулснаар гэмт хэргийн субъектив талын гол шалгуур болох гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт, зорилго хэзээ үүссэнийг тодорхойлох бодит үндэслэл бий болдог.

Түүнчлэн эзэн нь тодорхойгүй малыг өөрийн өмчийн адил дур мэдэн захиран зарцуулсан бол үүнийг бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан гэж үзэж мал хулгайлах гэмт хэргийн объектив шинжид хамааруулна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг байна гэж заасантай шууд холбогдох юм.

Харин алдуул малыг олсон этгээд хуулиар хүлээсэн мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн боловч өмчлөгчийг олж тогтоох хүртэл хугацаанд уг малыг хууль бусаар захиран зарцуулсан тохиолдолд алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангасан гэж үздэг.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, хууль хэрэглээний зөрүүг арилгуулах талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

 

Тоймыг бэлтгэсэн:  Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ