Үүлэн технологид суурилсан виртуал серверт хадгалагдсан мэдээлэл устсан нь гэрээний зөрчил үү, технологийн эрсдэл үү?
2026-06-09 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Иргэний танхим

Шийдвэрийн дугаар: 2025.11.18 №001 /ХТ2025/00208

Тоймын дугаар, огноо: №85 /ИХТ-31/ 2026.06.08

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “А” ХК-д холбогдуулан “... үйлчилгээний гэрээ”-нд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгууллагын мэдээлэл устсанаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: “...гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, ... нэхэмжлэгч гэрээнд заасан нөөцлөлтийн үйлчилгээг аваагүй, мэдээлэл устсан гэх нөхцөл байдал нь мэдээллээ нөөцлөөгүйтэй холбоотой бөгөөд үүнээс үүдэх эрсдэлийг өөрөө хариуцах үүрэгтэй талаар гэрээнд заасан ...” гэж татгалзсан.

Анхан шатны шүүх: “...Зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагчийн серверт хадгалагдаж байсан цахим зээлийн үйл ажиллагаанд зориулагдсан программ, түүнд суурилсан мэдээлэл устсан үйл явдалд хариуцагч буруутай гэдэг нь тогтоогдоогүй. ...” гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх: “…Зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь системийн шинэчлэлт хийхдээ клауд үйлчилгээний найдвартай ажиллагааг хангаж ажиллаагүйгээс нэхэмжлэгчийн үүсгэсэн клауд виртуал сервер дэх мэдээлэл устсан. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч нь хохирол төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд: Гэрээний агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрэглэгч цахим зээлийн үйл ажиллагаа явуулахдаа үүнд хамаарах мэдээллийг нийлүүлэгч компанийн үүлэн технологид суурилсан виртуал серверт байршуулж, хадгалж, ашиглах зорилготой. Энэ нь хэрэглэгч программ хангамжийг биетээр хүлээн авдаггүй ч интернэтээр дамжуулан нэвтрэх, ашиглах эрхтэйгээс гадна программ хангамж нь үйлчилгээ үзүүлэгчийн сервер дээр биежсэн байдлаар оршиж байдаг тул гэрээнд зааснаар хэрэглэгч файл хадгалах буюу өөрийн дата, мэдээлэл /цахим өгөгдөл/-г үүлэн технологийн орчинд найдвартай хадгалах, байршуулах үйлчилгээ юм.

Үүнд мөн аппликейшн платформ буюу хэрэглэгч өөрийн программ хангамжийг нийлүүлэгчийн найдвартай, үл тасалдах, үүлэн технологид суурилсан виртуал серверийн орчинд байршуулах үйлчилгээ нь нийлүүлэгчээс хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээнд хамаардаг.

Дээрх үйлчилгээнүүд дангаараа гэрээний агуулга, гол шинжийг илэрхийлэхгүй. Тухайлбал, файл хадгалах үйлчилгээний хувьд мэдээллийг байршуулахаас гадна мэдээлэл байрших орчин нь найдвартай байх, улмаар энэ нь хадгалах шинжийг агуулахаар, мөн гэрээнд зааснаар нийлүүлэгч буюу программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч болохынхоо хувьд өөрийн сервер дээр хадгалагдсан программ хангамжийг хэрэглэгчид интернэтээр дамжуулан ашиглуулах, мэдээллийн хадгалалт, системийн засвар үйлчилгээ зэрэг дагалдах үйлчилгээ ч үүнд хамаарах зэрэг олон янзын хэлбэртэй.

Аль нэг нь дангаараа давамгайлсан шинжгүй тул Иргэний хуульд заасан тодорхой нэг гэрээний төрөлд бүхэлдээ хамаарахгүй, үүргийн үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй гэрээ юм.

Улмаар энэ төрлийн гэрээний онцлог нь нийлүүлэгч өөрийн үүлэн технологийн дэд бүтэц дээрх виртуал серверийг хэрэглэгч саадгүй ашиглаж байх нөхцөлийг хангах үүргийг хүлээх ба энэ утгаараа нийлүүлэгч системийн найдвартай байдлыг хангах ёстой. Хэрвээ виртуал серверт байршсан мэдээлэл /цахим өгөгдөл/ устсанаар хэрэглэгч гэрээгээр тохирсон үйлчилгээг авах боломжгүй болсон бол гэрээний үндсэн үүрэг зөрчигдсөн гэж үзэх бөгөөд уг нөхцөл байдал нь нөөцлөх үйлчилгээтэй хамааралгүй.

Учир нь, нэхэмжлэгч гэрээнд заасан нөөцлөх үйлчилгээг нэмэлтээр аваагүйгээс хариуцагч мэдээллийг хадгалах үүрэг хүлээгээгүй гэж үзэхгүй ба гэрээнд зааснаар хэрэглэгч нь нийлүүлэгч талаас санал болгосон нөөцлөх үйлчилгээг ашиглахгүй тохиолдолд өөрийн сервер доторх мэдээллийн аюулгүй байдал, гаднын халдлагаас үүсэх эрсдэлийг хариуцах үүрэг нь хэрэглэгчийн сервер доторх мэдээлэл, дотоод үйл ажиллагаанд л хамааралтай байна.

Иймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгчийг учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж, нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд хохирлыг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://www.supremecourt.mn/mn/printc?id=48005

 

Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг