Өв залгамжлал үүсээгүй тул нас барагчийн үүргийг хариуцах үндэслэлгүй
2026-06-05 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах

Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Иргэний хэргийн танхим

Шийдвэрийн дугаар: 2026.02.03 №001 /ХТ2026/00038

Тоймын дугаар, огноо: №83 /ИХТ-30/ 2026.06.04

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Б.Т  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:  “...2016.12.06-ны өдөр Ц.М-тэй зээлийн гэрээ байгуулж, 10,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй олгосон ба 2017.12.14-ний өдөр уг гэрээнд өөрчлөлт оруулан 7,000,000 төгрөг нэмж олгосноор зээлийн хугацаа 48 сар, үлдэгдэл 14,744,923 төгрөг болсон. Зээлдэгч 2019.11.25-ны өдөр нас барсан болохыг мэдсэн бөгөөд 2024.12.28-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,744,923 төгрөгийг хамтран амьдрагч С.О-с гаргуулна ...” гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: “...зээлдэгч Ц.М-тэй хамт амьдарсан боловч дундаасаа хүүхэдгүй, хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөгүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй, зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр оролцоогүй, ямар нэгэн өв хүлээн аваагүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх: “...Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь С.О-с зээлийн гэрээний үүрэг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Харин зээлдэгч Ц.М, хариуцагч С.О нар хамтран амьдрах хугацаандаа хашаа, байшин, газар худалдан авч С.Октябрийн нэр дээр бүртгүүлсэн, 2017 онд хашаа, байшингаа засварлах зорилгоор зээл авсан тул хашаа, байшин, газрыг Ц.М, С.О нарын дундын өмч гэж үзнэ, дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй тул хариуцагч С.О нь зээлдэгч Ц.М-ийн авсан зээлийн дүнгийн 50 хувийн өмчлөгч болох юм...” гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.О-с 6,931,315 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,234,443 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Давж заалдах шатны шүүх: “...анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хариуцагч нь өв хүлээн авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хариуцагчаас 6,931,315.26 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй...” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан.

Хяналтын шатны шүүх: “...хариуцагч С.О нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, хамтран үүрэг гүйцэтгэхээр оролцсон баримтгүй тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардах эрх зүйн үндэслэл байхгүй. Хариуцагч С.О зээлдэгч Ц.М-тэй гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч зээлийг хамтран аваагүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг дундын өмч гэж тайлбарласан нь алдаатай. Учир нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө нь хуваагдах боломжтой хөрөнгө тул түүнийг дундаа өмчлөх боломжгүй, зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан байж болзошгүй зүйлийг дундаа өмчлөх нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэл болохгүй.

Иймд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=48882

 

Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг