ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа: Шинэ үеийн сорилт, шийдэл – 2026” эрдэм шинжилгээний хурал боллоо
2026-05-01 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах
Дэлхий нийтээр “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг тэмдэглэдэг энэ өдөр Монгол Улсын Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч асан Лэгцэгийн Баасангийн нэрэмжит “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа: Шинэ үеийн сорилт, шийдэл – 2026” эрдэм шинжилгээний анхдугаар хурал Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Хууль зүйн мэргэжлийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын дунд “Хөдөлмөрийн Баасан” хэмээн олноо алдаршсан Л.Баасан нь хөдөлмөрийн эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, ажилчдын эрх ашиг, нийгмийн баталгааг хамгаалахад насан туршийн амьдралаа зориулсан нэрт хуульч билээ.
Отгонтэнгэр их сургуулийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах энэхүү хурлыг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монголын Хуульчдын холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран зохион байгуулж, нэрт эрдэмтний гэр бүл, үр хүүхэд, шавь нар нь дэмжин оролцов.


Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлаар хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, дижитал эдийн засаг ба цахим хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн гэрээний хугацааны үр дагавар болон хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөлөл зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдэл эрэлхийлэв. Тус хуралд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн судлаачид оролцож, тус академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Дөлгөөн “Хөдөлмөрийн эрхзүйн маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн жишиг тогтоолууд”, Иргэний эрх зүйн секторын эрхлэгч Д.Бямба-Од, судлаач А.Нэмүүлэн нар хөдөлмөрийн гэрээний хугацаа болон тайлбарлан хэрэглэх практикийн талаар, Улсын дээд шүүхийн судлаач З.Янжинлхам “Дижитал платформ дээрх хөдөлмөр эрхлэгчийн эрх зүйн байдал” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.



Хурлын төгсгөлд нэгдсэн панел хэлэлцүүлгийг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал доктор, дэд профессор Д.Эрдэнэчимэг чиглүүлж, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор С.Болормаа, Шүүхийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат, Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Л.Буддорж нар хөдөлмөрийн зах зээлийн шинэ сорилт, шийдлийн талаар байр сууриа илэрхийллээ.






МЭДЭЭЛЛИЙН ТӨВ