ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдэвт эрдэм шинжилгээний хурал Ховд аймагт боллоо
2026-04-28 Админ Хандсан тоо: 204 Хуваалцах
Ховд аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Ховд аймгийн шүүх, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ховд хотноо зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр тавьсан бөгөөд “Монгол улсын шүүхийн практикаас харвал авлигын гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна.
Сүүлийн 3 жилийн хугацаанд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан авлигын нийт 649 гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, 2023 онд 189 хэрэг, 2024 онд өмнөх оноос 16.5% өссөн буюу 217 хэрэг, 2025 онд өмнөх оноос 11% өссөн буюу 243 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ. Шүүхээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн тоон үзүүлэлт өсөж байгаа нь тухайн төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өсөж байгаа эерэг талтай ч, энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа гэх сөрөг талыг мөн харуулж байна” гэв.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хууль хэрэглээ, шүүхийн практикт ашиглах боломжтой санал, зөвлөмж боловсруулах үүднээс энэхүү эрдэм шинжилгээний хурлаар дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:
• Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг “Албан тушаалын гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлууд”
• Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа “Албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцаах хууль зүйн зохицуулалт, практикт тулгамдаж буй асуудал”
• Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр “Авлигын эсрэг гэмт хэргийг адил төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэхэд анхаарах асуудал”
• Ховд аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор А.Батбаатар “Авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд хохирол, хор уршгийг бодитойгоор тогтоох тухай”.
Эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэг хэлбэрээр үргэлжилсэн бөгөөд чиглүүлэгчээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр ажиллаж ,Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), гавьяат хуульч Ч.Хосбаяр, Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан нар панелистаар оролцсон юм.


Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа уг хурлыг хааж хэлсэн үгэндээ хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд талуудын оролцоо чухал болохыг онцоллоо.
Эрдэм шинжилгээний хуралд Баруун бүс (Ховд, Увс, Говь-Алтай)-ийн шүүхийн шүүгч, прокурор, мөрдөгчид, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий байгууллагууд, орон нутгийн удирдлагууд оролцлоо.






МЭДЭЭЛЛИЙН ТӨВ