ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
2026 онд зохион байгуулагдах сургалтын хөтөлбөрүүдийг хэлэлцлээ
2026-02-11 Админ Хандсан тоо: 744 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа 2026 онд захиргааны эрх зүйн чиглэлээр зохион байгуулагдах дараах сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулж, гишүүдийн саналаар дэмжив. Үүнд: “Улсын дээд шүүхийн тайлбар, хууль хэрэглээний нэгдмэл байдал”, “Шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг шүүхийн шийдвэрт тусгах асуудал”, “Шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг тодорхойлох асуудал”, “Санхүүгийн болон татварын маргаан шийдвэрлэхэд анхаарах асуудал: үнэ шилжилт” сургалтын хөтөлбөрүүд багтлаа.

Хөтөлбөрийн хорооны гишүүн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов нар мөн онд эрүүгийн эрх зүйн чиглэлээр зохион байгуулагдах сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулж, гишүүд санал солилцов.
Тодруулбал, “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээтэй холбоотой хууль хэрэглээний асуудал”, “Эрүүгийн хуулийг хэрэглэх онол, арга зүй, шүүхийн практик” (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг), “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд — уялдаа, хэрэглээ” сургалтын хөтөлбөрүүдийг хэлэлцүүлж, гишүүд дэмжлээ.
Мөн Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг 2026 онд Иргэний эрх зүйн чиглэлийн “Үүргийн эрх зүйн тулгамдсан асуудал” сэдэвт сургалтын хөтөлбөрийг танилцуулсан бол Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг Шүүгчийн мэргэжил ёс зүйн чиглэлээр “Шүүгчийн мэргэжлийн алдаа болон сахилгын зөрчлийн ялгаа, тэдгээрийн харилцан хамаарал”, мөн Ерөнхий шүүгчдэд зориулсан манлайллын сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулж, гишүүд дэмжин батлуулахаар санал нэгдлээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ