ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Татварын 90 хувийн буцаан авалт нь “нийт борлуулалт нь 1.5 тэрбумаас ихгүй” аж ахуйн нэгжид хамааралтай
2026-02-04 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим
Шийдвэрийн дугаар: 2025.12.23 001/ХТ2026/0001
Тоймын дугаар, огноо: №74 /ЗХТ-28/ 2026.02.04
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
“Өмгөөллийн Эм Ди Эс энд хаанлекс” ХХН нь 2024 онд нийт борлуулалтын орлого 1,901,639,771.69 төгрөг, үүнээс хасагдах зардлыг хасаж 1,131,961,844.07 төгрөгөөр татвар ногдох орлогоо тайлагнаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т зааснаар хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлжээ.
Татварын байгууллагаас “... жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс давсан буюу нийт борлуулалтын орлого нь 1,9 тэрбум учир татварын 90 хувийн буцаан олголтод хамаарахгүй” гэх үндэслэлээр татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзжээ.
“Өмгөөллийн Эм Ди Эс энд хаанлекс” ХХН нь шүүхэд хандаж “2025.03.14-ний өдөр татварын буцаан олгох хүсэлтийг цуцалсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025.04.14-ний өдрийн 03/705 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасны дагуу 101,878,832.8 төгрөгийн татварын буцаан олголт олгуулах”-ыг даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ “... нийт борлуулалтын орлогоос хуульд заасан зардлыг хассаны дараах албан татвар ногдуулах орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар уг хөнгөлөлтийг эдлэх эрхтэй” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн жилийн борлуулалтын орлогоос зардлыг хассаны дараах албан татвар ногдуулах орлого 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байх тул татварын 90 хувийн буцаан олголт авах эрхтэй” гэх агуулгаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “албан татвар ногдох орлого” гэх ойлголт нь зардлыг хассаны дараах орлого бус, аж ахуйн нэгжийн жилийн нийт борлуулалтын орлогоор тодорхойлогдоно” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Улсын дээд шүүх хэргийг хянаад дараах агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.
1.Татварын ерөнхий хуульд зааснаар татвар тогтоох, өөрчлөх, хөнгөлөх буюу буцаан олгох нь эрх шилжүүлснээс бусад тохиолдолд зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрх тул маргаан бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зохицуулалтын зорилго, мөн чанарыг зөв тайлбарлахын тулд хууль тогтоогчийн хүсэл зоригийг тандах шаардлагатай.
2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг санаачлагчаас анх борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихгүй ААН-д татварын буцаан олголт эдлүүлэх агуулгаар хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төслийн хэлэлцүүлгийн явцад татварын буцаан олголтын талаарх зохицуулалтын хэсэгт зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн “борлуулалтын орлого” гэх үзэл баримтлал хуулийн төсөлд тусгагдсан агуулгаараа хадгалагдан үлдэж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуулийг эцэслэн баталжээ.
3.Үүнээс үзэхэд, маргаан бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулагдсан “албан татварын хөнгөлөлт” буюу 22.1 дэх хэсэгт тусгагдсан татварын 90 хувийн хөнгөлөлтийн зорилго нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын ачааллыг бууруулахад чиглэсэн бөгөөд зөвхөн борлуулалтын орлого болон үйл ажиллагааны орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс хэтрээгүй аж ахуйн нэгжид хамаарахаар байна.
4.Түүнчлэн, хуулийн системчлэл болон нэр томьёоны талаас авч үзэхэд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “албан татвар ногдох орлого” гэх ойлголтыг зардал хассаны дараах “татвар ногдуулах орлого” гэж тайлбарлах үндэслэлгүй бөгөөд уг зохицуулалт нь жилийн нийт борлуулалтын болон үйл ажиллагааны орлогын хэмжээгээр тодорхойлогдох агуулгатай.
5.Энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн нийт борлуулалтын орлого нь 1.9 тэрбум байгаа нь “нийт борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс хэтрээгүй аж ахуйн нэгж татварын 90 хувийн буцаан олголтод хамрагдах” хуулийн зорилгод нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй.
6.Иймд нэхэмжлэгчид татварын 90 хувийн буцаан олголт эдлэх эрх үүсээгүй тул татварын байгууллагаас татварын буцаан олголт олгохоос татгалзсан шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэв.
Тойм бэлтгэсэн: Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь