ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.05-ны өдрийн №… шийтгэх тогтоол
2026-01-02 Админ Хандсан тоо: 7 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн тойм 2025.01.02
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Г, Ж.Б, Ч.Р, Н.Н, Ж.Б, Х.Н нарыг цахим орчин болох фейсбүүкт 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хооронд “авто машины сэлбэг зарна”, “Шинэ бараа буулаа, чатаар холбогдоорой” гэх зэрэг хуурамч зар байршуулан нийт нэр бүхий 114 хохирогчид 40,223,900 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Т.Г, Ж.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж нэр бүхий 4 хохирогчид 3,361,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Прокуророос шүүгдэгч Т.Г, Ж.Б, Ч.Р нарыг “зохион байгуулалттай гэмт бүлэг” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн бөгөөд шүүхээс шүүх хуралдааны шатанд талуудын мэтгэлцсэн байдал, хавтаст хэргээс шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Г, Ж.Б, Ч.Р нарыг “зохион байгуулалттай гэмт бүлэг” гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн харин шүүгдэгч Т.Г нь 84 удаагийн үйлдлээр, Ж.Б нь 93 удаагийн үйлдлээр бусдыг хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж, шүүгдэгч Ч.Р-ын үйлдлийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.
Иймд шүүгдэгч Т.Г, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ч.Р, Н.Н, Ж.Б, Х.Н нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үргэлжилсэн цаг хугацаа шүүгдэгч тус бүрийнх харилцан адилгүй, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Г-д нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ж.Б-д 7 жилийн хугацаагаар хорих ял, Ч.Р-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Н.Н-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Ж.Б-д 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Х.Н-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.
Тойм бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан