ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН “ЭНЭ ХУУЛИЙН 9.1.5-Д ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД ЭНЭ ХУУЛИЙН 9.1.3, 9.1.4-Т ЗААСАН ҮНИЙГ ХАМГИЙН СҮҮЛД БҮРТГЭГДСЭН ҮНЭЭС БУУРУУЛЖ БҮРТГЭХГҮЙ” ГЭСЭН ЗААЛТ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
2025-12-25 Админ Хандсан тоо: 25 Хуваалцах
Мэдээлэл гаргагчийн тайлбар:
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй" гэсэн зохицуулалт нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх зэрэг үндсэн эрхийг хязгаарлахын зэрэгцээ өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болох Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадгаар зүйлийн 3 дахь заалтын “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн агуулгатай нийцэхгүй байна.
Түүнчлэн уг заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд тодорхойлсон хууль дээдлэх зарчмын үзэл санаа, агуулга болон эрх чөлөөний зарчмын суурь болсон хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа, үндсэн эрх, эрх чөлөөний агуулга болон гол зарчим хоорондын уялдаа холбоо, тэнцвэрийг алдагдуулсан маргаан бүхий зохицуулалт бий болгосон байна. Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар:
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлахад хамт өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 9 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулсан. Маргаан бүхий заалт нь газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа этгээдийн газрыг нөхөх олговрын мөнгөн хэлбэрээр худалдан авах тохиолдолд түүний хамгийн сүүлд бүртгэгдсэн үнийг жишиг болгон харгалзан үзэх, түүнээс бууруулахгүйгээр нөхөх олговрын хэмжээг тогтоох боломжийг олгож байна.
Мөн дээрх зохицуулалтыг бий болгосноор хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр үнийг бодитой тогтоолгосноор өмчлөгч этгээд үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах, эд хөрөнгөөрөө хохирох бодит эрсдэлийг хааж өгсөн болно. Үүнээс гадна, өмчлөгч этгээд газрын эрх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах үед банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад этгээд тухайн эд хөрөнгийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж зээл олгох, бага хэмжээний зээл дээр өндөр үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нь барьцаалах замаар гэрээ байгуулахаас сэргийлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална..." гэж заасныг хэрэгжүүлж буй хэлбэр болно. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.