ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БОДИТ ҮЙЛДЛЭЭР МӨНГӨ ТӨЛЖ БАЙСНЫГ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭЖ ҮЗЭВ.
2025-10-17 Админ Хандсан тоо: 19 Хуваалцах
Шүүхийн нэр: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.05.23, 210/МА2025/00881
Тоймын огноо, дугаар: 2025.10.01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 33,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
А нь шаардлагын үндэслэлээ “... А нь Б-тэй харилцан тохиролцож гэрээ байгуулан тоглолтын тасалбарыг худалдан борлуулах эрхийг Б-д олгосон боловч тоглолт зохион байгуулагдах өдрийг хүртэл тэрээр тасалбар борлуулаагүй байсан. Б нь гэрээний дагуу хохирлыг барагдуулахаа илэрхийлж “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Б нь гэрээ байгуулснаас хойш 4 удаагийн гүйлгээгээр нийт 6,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг төлөөгүй. Иймд Б-ээс үлдэгдэл 33,500,000 төгрөг гаргуулна” гэсэн агуулгаар тайлбарласан бол Б нь татгалзлын үндэслэлээ “...А-аас тасалбар борлуулах эрх авч, тодорхой хэмжээний тасалбарыг худалдан борлуулж, мөнгийг нь шилжүүлсэн. Үүнээс хойш А нь намайг фейсбүүкээр дарамталж эхэлсэн бөгөөд би арга буюу “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан” гэж тайлбарлан маргасан байна.
Анхан шатны шүүх дүгнэхдээ: “Төлбөр барагдуулах гэрээ”-г А нь Б-г айлгаж, өөрийн ашиг сонирхолд санаатайгаар ашиглаж байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ хэмээн үзэж А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг А эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүхээс цахим орчинд А нь Б-г айлгасан үг хэллэг хэрэглэсэн гэх тайлбараа Б баримтаар нотлоогүй, мөн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн Б нь гэрээ байгуулснаас хойш төлбөрийг төлж байсан тул гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, А-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Тодруулбал, Б өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй, мөн Б нь гэрээ байгуулснаас хойш бодит үйлдлээр төлбөрийг төлж байсан тул тухайн гэрээг хийсэн гэж үзсэн байна.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан