ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН “ТАТВАР ТӨЛӨГЧ НЬ ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧСӨН БӨГӨӨД ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ХУГАЦААНД ЗӨРЧЛӨӨ АРИЛГААГҮЙ, НЭГ ЗӨРЧЛИЙГ ГУРАВ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ УДАА ДАВТАН ГАРГАСАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ТАЛААР ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР НИЙТЭД МЭДЭЭЛЖ БОЛНО” ГЭСЭН ЗААЛТ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
2025-09-24 Админ Хандсан тоо: 171 Хуваалцах

Мэдээлэл гаргагчийн тайлбар: Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно" гэсэн зохицуулалт нь хууль, шүүхийн шийдвэргүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдах, иргэний хувийн, захидал харилцааны нууцыг нийтэд мэдээлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Түүнчлэн, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалтад татвар төлөгчтэй холбоотой мэдээллийг санхүүгийн эрх бүхий байгууллага татварын албанд хүргүүлэхээр зохицуулсан нь шүүх, прокурорын зөвшөөрлөөр нэгжих ёстой байтал татварын байцаагч нэг албан хүсэлтээр хүний дансыг нэгжиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна.Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг болон 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчсөн гэжээ.

Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбар: “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргээ ёсчлон биелүүлэхгүй татвараас зайлсхийх, зугтаах зөрчлүүд гарч байдаг...”. Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг нь “...иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэхээр заасныг хэрэгжүүлэх ач холбогдолтой…”.  

Мөн татварын бүртгэл, ногдуулалтын үйл ажиллагаа нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, бүртгэл, гүйлгээ, дансны мэдээлэлд үндэслэн хийгддэг. “...Татварын байгууллагын зүгээс хуульд заасан үндэслэлээр татвар төлөгчийн дансны мэдээлэл, уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээлэл, татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг холбогдох банк, санхүүгийн байгууллагаас авч хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нь...”  хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлахгүй юм.

Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.