ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ЗӨРЧСӨН НЬ ИРГЭНИЙ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН БОЛ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ТООЛНО
2025-07-02 Админ Хандсан тоо: 43 Хуваалцах

Нэхэмжлэгч нь 2013 онд Зам, тээврийн яам (хуучнаар)-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Зам, тээвэр хөгжлийн яамнаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг шалгаж “... дутуу, доголдолтой чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засах үүрэг даалгаврыг өгсөн” боловч уг доголдлыг арилгаагүй тул дээрх гэрээг 2015 оны 11-р сарын 23-ны өдөр цуцалжээ. Улмаар тус яам нэхэмжлэгчээс “Замын ажлын доголдол арилгах” зардал гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хэргийн шүүхээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн буруутай гэж тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлал  хүчин төгөлдөр болжээ.

Үүний дараагаар 2023 оны 10 дугаар сард Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нэхэмжлэгч компанид хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүхээс тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэж, Сангийн сайдын тушаалаар  нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар бүртгэжээ. Иймд нэхэмжлэгч нь улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.