ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Ажилтан нь ажил олгогчоос сахилгын шийтгэл оногдуулахаар гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл иргэний шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.
2024-12-10 Админ Хандсан тоо: 22 ХуваалцахШүүхийн нэр: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх,
Шийдвэрийн огноо, дугаар: 2024.01.23. 148/ШШ2024/0070
Тоймын огноо, дугаар: 2024.12.06 №3
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч А- нь хариуцагч Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “захирлын сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажил тасалсан 1 хоногийн цалин суутгасныг гаргуулах, сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалингаас 20 хувь хассаныг эргүүлэн гаргуулах, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.
Хариуцагч сургуулийн захиргаанаас ... ” ажилтан А- нь сургалтын менежерээр ажилладаг бөгөөд хичээлийн хуваарь боловсруулахдаа багш нарт хөтөлбөр хэрэгжүүлэх боломж олгоогүй, огт ороогүй хичээлийг орсон болгож журналд хуурамч бичилт хийлгэсэн ноцтой алдаа гаргасан, хүүхэд хамгааллын болон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг тасалдуулсан, боловсролын үйлчилгээ хүртэх сурагчдын эрхийг удаа дараа зөрчсөн зөрчил гаргасан тул сахилгын арга хэмжээ авч, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэн ажилтан А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эсэргүүцсэн байна.
Анхан шатны шүүх; Сургуулийн захиргаанаас ажилтан А–г 8 үндэслэлээр буруутгаж, сахилгын арга хэмжээ авсан тушаал нь хуульд нийцээгүй, ажилтны гаргасан зөрчлүүдийг хэрхэн, ямар зөрчилд тооцох, ямар төрлийн сахилгын шийтгэл оногдуулах хийгээд ямар төрлийн сахилгын зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаараа ажилтан, ажил олгогч нар тохиролцсон зүйл байхгүй, мөн ажил олгогчоос ажилтан А-тай хөдөлмөрийн гэрээг албан ёсоор бичгээр байгуулаагүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэжээ.
Хөдөлмөрийн тухай / шинэчлэн найруулсан / хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар “ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулах бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”
Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил” -д тооцох үндэслэл болно гэж тус тус заажээ.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: Хяналтын шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2024/00709 дугаартай тогтоолоор хариуцагчийн гомдлыг хэлэлцэхээс татгалзсан.