ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗСАН ТОХИОЛДОЛД АЛДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРЭГЛЭХ НЬ ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ АЛДАА БОЛНО
2024-12-02 Админ Хандсан тоо: 28 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Улсын дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 001/ХТ2024/00273 дугаартай тогтоол

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга:  Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч “БКГ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 19,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 2022.11.01-ны өдөр хариуцагчаар .... хэмжээтэй амины орон сууцыг 2022 оны 04 дүгээр улиралд багтаан бариулахаар захиалгын гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаанд нийт 20,000,000 төгрөгийг өгсөн байна. Гэвч 2023 оны 08 сард уг төсөл нь бүрэн зогсож, амины орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болсныг гүйцэтгэгч талаас утасдаж мэдэгдсэн.

Улмаар хариуцагч нэхэмжлэгчийн урьдчилгаанд өгсөн  төлбөрийг хэсэгчлэн буцааж төлж байсан хэдий ч 2023 оны 9 сард 5,000,000 төгрөг, 2023 оны 10 сард 10,000,000 төгрөг, 2023 оны 11 сард 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр тохирсон боловч 5,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөгийг 2023.01.01-ний өдрөөс 2023.09.29-ний өдөр хүртэл хугацаа хоцроосон нийт 270 хоногт ногдох алданги 675,000 төгрөг, 15,000,000 төгрөгийг 2023.01.01-ний өдрөөс 2024.03.25-ны өдрийг хүртэл хугацаа хоцроосон. Иймд 450 хоногт ногдох алданги болох нийт 19,050,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна. 

Хариуцагч “БКГ” ХХК нь “... Гэрээ хэрэгжих хугацаанд газрын маргаан үүсэж төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Ц.Ө гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг буцааж өгөхөөр талууд харилцан тохиролцоод, 5,000,000 төгрөгийн буцаан төлөлтийг хийсэн. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд өгсөн, авснаа буцаах тул алданги 4,050,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүхээс хариуцагч орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болсноос нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул хуульд болон гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т гүйцэтгэгч нь ашиглалтад орох хугацаа хойшилсон тохиолдолд гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж заасан. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх тул нэхэмжлэгч алданги шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Харин хяналтын шатны шүүхээс талуудын байгуулсан гэрээ дуусгавар болоогүй бөгөөд гэрээнээс татгалзсаныг гэрээг цуцалсан гэж үзэхгүй гэсэн агуулгатай тайлбар хийсэн. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан заалт байсаар байтал тус маргааны харилцааг гэрээ цуцалсантай адилтгаж алдангийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна гэжээ.

Иймд нэхэмжлэгч гэрээний тус заалтыг үндэслэн алданги нэхэмжилсэн гэхээс илүүтэй төлбөрийг буцаан төлөх хуваарь зөрчсөнтэй холбогдуулан хохирол шаардсан, улмаар уг хохирлын хэмжээг тодорхойлохдоо хоног тутамд, хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөрийн 0.05 хувьтай тэнцэх дүнд суурилан хохирлын хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүхээс хариуцагч 5,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг зөвшөөрөн төлөхөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасан байх хэдий ч төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа нь хариуцагч урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэсэн агуулгатайгаар тайлбарлаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Тойм бичсэн: Шүүхийн академи