ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО ШИНЭ ГИШҮҮДЭЭ ТОМИЛЖ, НЭГДСЭН БОДЛОГОО БАТАЛЛАА
2024-09-24 Админ Хандсан тоо: 714 ХуваалцахШүүхийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралдааныг Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нээж, "Шүүхийн сургалтын 2025-2027 оны нэгдсэн бодлого"-ын төслийг танилцуулан, хорооны гишүүдийн саналыг авч, нэгдсэн бодлогыг батлахад санал нэгдэв.
Мөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр "Виртуал хөрөнгийн үйлчилгээний эсрэг гэмт хэргийн зүйлчлэл" сэдэвт сургалтын хөтөлбөрийн төслийг, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг "Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практик" сэдэвт сургалтын хөтөлбөрийн төслийг тус тус танилцуулсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн дэмжлэгийг хүлээж, дээрх сургалтын хөтөлбөрүүдийг баталлаа.
Энэ удаагийн хурлын онцлог нь Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн сахилгын хорооны төлөөлөл хуралд оролцсон явдал байв. Хуралд нийт 14 гишүүн оролцсоноос 3 нь цахимаар, 11 нь танхимаар оролцож, 93,3 хувийн ирцтэйгээр болж өнгөрлөө.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ