“ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ, ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-15 Админ Хандсан тоо: 509 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан мэргэшүүлэх сургалтыг “Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

   Сургалтын нээлтэд тус Хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар үг хэлж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг сургалтыг дүгнэж, хөдлөх эд хөрөнгийн барьцааны онцлог зохицуулалт, хөдлөх эд хөрөнгийг барьцаат хэлцлээр эдийн засгийн эргэлтэд оруулахын ач холбогдлын талаар онцлон тэмдэглэж, сургагч багш нарт талархал илэрхийллээ.

   Энэ удаагийн сургалтыг Канад улсын Торонто хотын “Osgoode Hall” хуулийн сургуулийн профессор, Дэлхийн банкны бүлгийн зөвлөх Том Жонсон, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа нар удирдан явууллаа.  Сургалтын хүрээнд хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйл, тухайлбал, үнэт цаас, авлага, хувьцаа, шаардах эрх, агуулахын бараа, мал, тэжээвэр амьтны болон үр тариа зэрэг хөдлөх эд хөрөнгө барьцаалах, мөн барьцаалан баригчийн давуу эрхийн онцлог, барьцааны эрх үүсэх, баталгаажих зэрэг ойлголтыг олон улсын сайн туршлагад үндэслэн тайлбарласнаас гадна сөрөг эрхийг хангах аргачлал, барьцаа хөрөнгөөр шаардлага хангахад шүүхийн практикт анхаарах асуудал зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцав.   

   Түүнчлэн 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай Монгол Улсын хуулийн зохицуулалтыг бусад орны зохицуулалттай харьцуулан, хуулийг хэрэгжүүлэх явцад практикт тулгарч буй тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

      Энэ удаагийн сургалтад иргэний хэргийн шүүхийн нийт 52 шүүгч хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ