“НЕФТЬ ХАНГАМЖИЙН ОПЕРАТОРЧИН” БОЛОН “НЕФТЬ БААЗАД ШАТАХУУН АЧИГЧ БУУЛГАГЧ” НЬ ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ МЭРГЭЖИЛ МӨН
2024-05-01 Админ Хандсан тоо: 157 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0061

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

      Иргэн “Л” тус шүүхэд “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...миний ажиллаж байсан нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч буулгагч нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад хамаарах тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” гэж тодорхойлсныг хариуцагч “...”Л”-ийн эрхэлж байсан ажил нь “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хамаарахгүй тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж маргасан.

     Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 50 настай, улсад нийт 27 жил нефть хангамжийн операторчин болон шатахуун ачигч буулгагчаар ажилласан байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

     Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, мөн зүйлийн 2-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн...бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж заасан.

      Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч...насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч...мастер, инженер” гэх зэргээр нарийвчлан тодорхойлжээ.

Шүүх дээр дурдсан хуулийн болон “...жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14-т зааснаас үзвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан “нефть хангамжийн операторчин” болон “нефть баазад шатахуун ачигч буулгагч” нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “хөдөлмөрийн хортой нөхцөл”-д хамаарах ажил мэргэжил мөн гэж дүгнэв.

      Учир нь, дээрхи ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар зүйлийн 14-т зөвхөн “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн тухайд хэрэглэгдэх заалт мэтээр жагсаасан боловч нэхэмжлэгчийн ажил мэргэжлийн чиг үүрэг, гүйцэтгэлийн байдал нь энэ заалтын “шатахуун ачигч буулгагч” “нефть хангамжийн операторчин” гэх заалтуудтай ижил тул үүнийг нэхэмжлэгчид ашигтай байдлаар дэлгэрүүлэн авч үзэх боломжтой.

Өөрөөр хэлбэл “нефть хангамжийн операторчин”, “шатахууны ачигч буулгагч”-ийн ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил мэргэжлийн онцлог байдал /ажил үүрэг нь бензин шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой ойр, байнга харьцдаг/ нь ижил хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч “зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин, шатахууны ачигч буулгагч нь хамаарна, шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч буулгагчаар ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулахгүй” гэх тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

     Түүнчлэн Гомдлын шаардлагын зөвлөлийн гишүүд нь тухайн асуудлыг шийдвэрлэхдээ баримт нотолгоо, судалгаанд үндэслэхгүйгээр “...хамаарахгүй гэж бодож байна”, “хамааруулж болохгүй юм уу” гэх зэргээр ярилцан шийдвэрлэснээс гадна тухайн асуудлаар эрх бүхий мэргэжилтнээс зөвлөгөө авах боломжтой байхад энэ ажиллагааг огт хийлгүйгээр жагсаалтын 2.14-т зааснаар хязгаарласан нь учир дутагдалтай, Зөвлөлийн ажиллах дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

      Иймд шүүх нэхэмжлэгчийн хувьд “нефть боловсруулах үйлдвэр”, эсхүл “нефть хангамжийн байгууллага”-ын алинд ажиллаж байгаагаас үл хамааран “нефть хангамжийн операторчин”, “шатахууны ачигч буулгагч”-ийн ажил эрхэлсэн бол “хөдөлмөрийн хортой нөхцөл”-д хамаарахаар байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/14564?daterange=2024-01-01%20-%202024-02-15&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн