СУМЫН ЗАСАГ ДАРГА БОЛОН УЛСЫН БҮРТГЭГЧИД ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ЭРХ ХЭМЖЭЭГ ХУУЛИАР ОЛГООГҮЙ
2024-04-08 Админ Хандсан тоо: 360 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023 оны 12 дугаар сарын 14, 110/ШШ2024/0066

Тоймын огноо дугаар: 2024 оны 03 дугаар сарын 18, Дугаар 06

Тоймын төрөл. Шийдвэрийн тойм

Шүүгчийн захирамжийн  төлөв: Хүчин төгөлдөр болсон.    

Санамж:  Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч “А” нарын нэр бүхий 17 хүнээс шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Б”, “Х” нарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хууль бусаар өмчлүүлсэн 200 га газрыг нэр бүхий 17 хүний хадлангийн зориулалтаар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн” гэж, хариуцагч “А” сумын Засаг дарга  “... 2008 онд сумын Засаг дарга хууль бусаар уг газрыг  2 иргэнд өмчлүүлсэн нь хууль бус, уг газрыг нэр бүхий 17 иргэнд хадлангийн зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргасан” гэж, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “... нэхэмжлэлийн шаардлагад заасан  улсын бүртгэлийн 000067574 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгчид гэмтсэн гэж мэдүүлсэн тул хүчингүй болгоод шинээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон” гэж, гуравдагч этгээдүүдээс “...Өвөг дээдсээс уламжлан он удаан жил эзэмшсэн газраа хуулийн дагуу өмчлөлдөө авсан” гэж тус тус тайлбарлажээ.

   Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд  заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох тохиолдлын аль нэг нь  маргаан бүхий захиргааны актуудад байхгүй байна. Түүнчлэн Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т,  мөн улсын бүртгэгчийн эрх, үүргийг хуульчилсан   Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд  “Өмчлөх эрхийг дуусгавар болгох” эрх хэмжээг заагаагүй тул шүүх хуулиар шийдвэрлэх эрхийг олгоогүй асуудлыг шийдвэрлүүлэхээр хариуцагч нарт даалгах боломжгүй.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша