ЗӨРЧИЛ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХДАА ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БОЛОХГҮЙ
2024-02-01 Админ Хандсан тоо: 252 Хуваалцах

Шийдвэрийн огноо, дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр шийдвэр.

Тоймын огноо, дугаар: 2024.01.22            Дугаар 01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр.

Улсын байцаагч иргэн Л-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэх үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 

Иргэн Л-ээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч миний бие энэ газрын өмчлөгч мөн боловч хашааны газраа сунгаж, барих үйлдлийг хийгээгүй, мэдээгүй. Хашааг буулган сунгаж барьсан хүн нь нас барсан байхад зөрчлийн хэрэг нээсэн. Газрын тухай хуульд зааснаар газрыг ашиглаагүй байхад ашигласан гэж үзсэн.  Надад санал тайлбар өгөх боломжийг олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй. Мөн гомдлыг хүлээн авснаас хойш 4 сарын дараа шийдвэрлэсэн зэрэг нь хуулийг зөрчсөн гэж тайлбарлан, маргасан.

Улсын байцаагчаас тодорхой үйлдлийг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь иргэн Л-ийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн иргэн Л-д зөрчлийг арилгах боломж байхад зохих арга хэмжээ аваагүй. Иймд газрын өмчлөгч Л-д шийтгэл оногдуулсан нь хуулийг зөрчөөгүй.             Газрыг ухаж хашааны шон суулгасныг   ашигласан гэж үзсэн. Сонсох ажиллагаа бол  явуулаагүй. Гомдол, мэдээллийг 2023 оны 7 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 11 сарын 23-ны өдөр шийдвэрлэсэн гэж тайлбарлан, маргасан.  

Шүүх маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан. Тодруулбал иргэн Л өөрийн өмчлөлийн хашааны газраа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр сунгасан хэдий ч улсын байцаагч энэ талаарх мэдээллийг хуульд заасан хугацааг хэтрүүлж шийдвэрлэсэн, мөн иргэн Л-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гомдол гаргах боломжоор хангаагүй тул улсын байцаагчийн 0021268 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Тойм бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа