ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД ПРОКУРОРЫН САНАЛ ШҮҮХИЙН ЭРХ ХЭМЖЭЭНД НИЙЦЭЭГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
2024-02-16 Админ Хандсан тоо: 231 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 2024/ДШМ/104
Тоймын дугаар, огноо: 2024.01.25 шийдвэр тойм: №2
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Агуулга: Яллагдагч Б.Б нь Д.Р-тай маргалдан, зодолдож түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 15 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр ял тохирчээ.
Прокуророос Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Б.Б-ийг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг гаргаж, улмаар Б.Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 15 хоногийн хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр прокурорын санал гаргаж танилцуулан, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 болон 6.9 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.
Тодруулбал, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам баримтлан явуулдаг бөгөөд энэ хэргийн хувьд, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэр хэмжээний дотор буюу 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан нь үндэслэлтэй байх хэдий ч тэрээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 655 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн ялын тооцоогоор үлдэгдэл 8 сар 15 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байгааг нь прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр гаргасан прокурорын санал нь шүүхийн эрх хэмжээнд халдсан хэмээн үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь зөвхөн шүүх хэрэгжүүлэх эрх зүйн хэм хэмжээ байх бөгөөд тухайн хэргийн холбогдогчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж ялыг нэмж нэгтгэх эсхүл тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэх шүүхэд олгосон онцгой эрх хэмжээ юм.
Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг