ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ОЙД МОД БЭЛТГЭЖ, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ОЛСОН МОД, АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ОРЛОГО БОЛГОЖ ШИЙДВЭРЛЭВ
2024-01-18 Админ Хандсан тоо: 177 ХуваалцахШүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 04 шийдвэр.
Шүүхийн шийдвэрийн тойм 2024.01.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч Д.Д, Г.М нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж ойд зөвшөөрөлгүйгээр 44 ширхэг нойтон шинэс төрлийн мод тайрч бэлтгэн Г.М-ын эзэмшлийн “портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 1.826.294 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу ойн санд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн тооцсоноор 5.478.882 төгрөгийн хохирол учруулжээ.
Прокуророос Д.Д, Г.М нарыг дээрх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн…” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд дээрх гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн түүнчлэн “төрийн албан хаагч үйлдсэн” бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан болно.
Шүүх шүүгдэгч Г.М-ыг “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Д.Д-г “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэж , төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэв.
Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Г.М, Д.Д нарт хорих ял оноохгүйгээр тэнсэж, “оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 44 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах хууль зүйн үр дагавартай байдаг ба энэ талаар шүүгдэгч нарт тусгайлан сануулав.
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу