ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХУУЛИАР ТУСГАЙЛАН ЭРХ ОЛГОГДООГҮЙ АСУУДЛААР ЗАХИРГААНЫ АКТ ГАРГАХГҮЙ
2024-02-01 Админ Хандсан тоо: 280 Хуваалцах

Тоймын огноо, дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 16, Дугаар 03

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Б нь Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт холбогдуулан сонгон шалгаруулалтын зарласан 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн сонгон шалгаруулалтын Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан.

Шүүхээс иргэн Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Учир нь, Аймгийн Боловсрол, шинжлэх ухаан газар нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргаж сонгон шалгаруулалт явуулжээ.

Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа нь хууль, журмын дагуу тухайлсан байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээнд, харин багш, ажилтныг сонгон шалгаруулж, томилох эрх хэмжээ нь тухайн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийн эрх хэмжээнд хамаарна.

Гэтэл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь өөрт байхгүй чиг үүрэгт үл хамаарах асуудлаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулах талаар хуулиар тусгайлан олгогдсон чиг үүрэггүй, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж сонгон шалгаруулалт зарлажээ.

Иймд иргэн Б-ын хөдөлмөрлөх эрхэд халдаж сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт явуулсан нь илт хууль бус болсон байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/14496?daterange=2024-01-16%20-%202024-01-16&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн:Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа