ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР НЭГЭНТ ТОГТООГДСОН ҮЙЛ БАРИМТЫГ ДАХИН НОТЛОХГҮЙ
2023-12-14 Админ Хандсан тоо: 175 ХуваалцахТоймын огноо, дугаар: 2024 оны 1 дүгээр сарын 3, Дугаар 03
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв:Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Б нь сумын "А” нэгдэлд 1981 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс 1989 оны ... дугаар сарын ..-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр тогтоолгож, малчин буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгон авч байжээ.
Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс:"иргэн Б-ийн сумын нийгмийн даатгалын байцаагчид гаргасан материалд байгаа өргөдөлд 1985 оноос эхлэн тус суманд ирж мал маллаж байгаа гэсэн ... гэтэл шүүхийн шийдвэр нь 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хотонт сумын цацрал нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоосон нь зөрж байгаа нь тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай гэж үзэн түүнд олгож байсан өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сараас эхлэн түдгэлзүүлэн зогсоожээ.
Улмаар нэхэмжлэгч Б нь шүүхэд "Өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тус хэргийг шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б нь дээрх хугацаанд малчнаар ажилласан болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүхээс үзжээ.
Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримттай маргасан нь хууль бус болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/10476?daterange=2020-01-01%20-%202023-01-11&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга