ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЯЛАГЧ БОЛСОН ТОХИОЛДОЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ
2024-02-16 Админ Хандсан тоо: 240 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 118/ШШ2023/0035

Тоймын дугаар, огноо: №01, 2024 оны 01 дүгээр сарын 23

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож, хамгийн сүүлийн хугацаанд хамгийн өндөр үнэ хэлснээр дуудлага худалдааны ялагч болсон байна.

Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах, Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн дуудлага худалдааг дахин явуулах шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дуудлага худалдааны үнийг Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журамд заасан хугацаанд бүрэн төлсөн байх тул сумын Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар байна. Тухайн газрыг анх нэхэмжлэгчээс өөр хүн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан гэдгээр дуудлага худалдааг дахин явуулах үндэслэлгүй, ийм нөхцөлийг хууль, журмаар тогтоогоогүй байна.

Иймд дуудлага худалдааг дахин явуулах нөхцөл байдал үүсээгүй, хууль журамд заагаагүй үндэслэлээр дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг сумын Засаг дарга гаргахаар байхад дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг гаргасан нь илт хууль бус хэмээн үзэж, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/14372?daterange=2023-12-01%20-%202023-12-29&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа