ЭЗЭМШИХ ЭРХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ ГАЗРЫГ ЭЗЭМШИЖ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО
2024-01-10 Админ Хандсан тоо: 220 Хуваалцах

Тоймын огноо, дугаар: 2023 оны 12 дугаар сарын 07, Дугаар 20

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нар нь А аймгийн Ж сумын А багийн Мухар бэлчир гэх газарт байнга оршин сууж, мал маллан аж төрдөг байжээ. Иргэн Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нар нь тус бүрдээ Ж сумын 1 дүгээрт багт өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхээ тус сумын Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулж авсан байна.

Улмаар дээрх иргэдийн өвөлжөөний зориулалт бүхий газарт иргэн Г.Х, Х.Б, Х.Р гэх айлууд зөвшөөрөлгүйгээр бууснаар дээрх иргэдийн хооронд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх асуудлаар маргаан үүсжээ. Иргэн Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нар эзэмшил газар дээр нь түр буусан айлуудыг нүүлгэх, газраа чөлөөлүүлэхээр сумын аймгийн Засаг даргад удаа дараа хандсан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

Шүүх маргааныг шалгах явцад зөвшөөрөлгүй буусан Х.Б гэх айлын малын хашаа нь иргэн Ж.Т-гийн өвөлжөөний зориулалтайгаар эзэмшиж буй газартай давхцалтай болох нь тогтоогдсон.

Шүүхээс бусдын эзэмшлийн өвөлжөөний газарт давхцуулан хашаа барьж, бэлчээр ашиглалтын маргаан үүсгэсэн эл асуудлыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэж чадаагүй, тохиролцоонд хүрээгүй тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэх үүрэг хүлээхээр хуульчилсан байхад газар эзэмшлийн асуудлаар иргэд хооронд гарсан маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй орхигдуулж эс үйлдэхүй гаргасныг хууль бус болохыг тогтоож, зөвшөөрөлгүй барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөх шийдвэр гаргахыг Ж сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/13262?daterange=2023-01-01%20-%202023-12-07&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга