ИЛТ ХУУЛЬ БУС ЗАХИРГААНЫ АКТ ГЭДЭГТ ХЭН Ч ХАРСАН ИЛЭРХИЙ ТОДОРХОЙ АЛДААТАЙ БАЙХЫГ ОЙЛГОНО
2024-01-10 Админ Хандсан тоо: 274 Хуваалцах

Тоймын огноо, дугаар: 2023 оны 12 дугаар сарын 29, Дугаар 19

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

"М” ХХК нь А аймгийн Засаг даргын 2013 оны захирамжийн дагуу 0.4 га газрыг зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших байжээ. Гэтэл 2017 онд А аймгийн Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй хэмээн "М” ХХК-ны газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар 2018 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зочид буудал барих зориулалтаар тусгагдаж, аймгийн Засаг даргын 2019 оны захирамжаар уг газрыг иргэн Б-д олгожээ.

Улмаар "М” ХХК-аас А аймгийн Засаг даргад холбогдуулан "А аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж маргажээ.

Шүүхээс аймгийн Засаг дарга маргаан бүхий А/507 дугаар захиргааны актыг гаргахдаа хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдсэн, дээрхи акт нь хоёрдмол утгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдаа болон хууль буруу хэрэглэсэн алдааг илэрхийлэхгүй, харин эрхэд халдах үндэслэл байгаагүй, өөрт эрх олгогдоогүй асуудлаар хуульд байхгүй үндэслэлээр эрх зөрчсөн байхыг ойлгоно.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоох шинжийг агуулаагүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн:Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа