ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР МОД БЭЛТГЭЖ, АВТОМАШИНАА ХУРААЛГАЖЭЭ
2024-02-16 Админ Хандсан тоо: 256 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023 оны 7 сарын 04-ний өдөр. №2023/ДШМ/18
Тоймын дугаар, огноо: 2024.01.17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Х нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хэрэглээний зориулалтаар 340 ширхэг нойтон улиас мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж, ойн санд 3 524 419 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон сүх, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 340 ширхэг нойтон улиас мод зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, экологид учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг үйлдэхдээ машин ашиглаагүй, морин тэргээр модыг зөөсөн, хууль мэдэхгүйгээс машинаар тээвэрлэсэн гэж худал мэдүүлсэн байхад уг мэдүүлгийг үндэслэн машиныг хураах албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын гол зорилгод нийцэхгүй байна.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуульд зааснаар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохоор хуульчилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор бэлтгэсэн модоо морин тэрэг биш автомашин ашиглаж тээвэрлэсэн болох нь нотлогдсон бөгөөд түүний хууль мэдэхгүй байдал нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.
Магадлалыг бүрэн эхээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/17794?daterange=2023-06-01%20-%202023-07-16&id=2&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Уртнасан