ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БУСДЫН ӨМЧЛӨЛ, ЭЗЭМШЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТААС БУСДАД УЧРУУЛСАН ГЭМ ХОРЫГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ ХАРИУЦАН АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ
2024-02-01 Админ Хандсан тоо: 189 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.12.12-ний өдрийн 2023/ШЦТ/120
Тоймын дугаар, огноо: 2024.01.08, шийдвэр №11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Ө-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Ө нь тээврийн хэрэгсэл жолдоох эрхгүй байж Т-гийн гуйлтаар түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж явган зорчигч насанд хүрээгүй Ш-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,962,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан.
Ө-г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг ... хориглоно”, 10.1-р “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган” гэх заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж шүүх үзсэн.
Иргэний хуульд зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон, тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол тээврийн хэрэгсэл ашиглагчийн бусдад учруулсан хохирлыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгана гэж зохицуулсан байдаг тул осол гарах үед Ө-гийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч Т-г мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан байна.
Иймд хохирогч болох иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол нийт 3,184,000 төгрөгийг осол гаргасан Ө болон тээврийн хэрэгслийн өмчлөгч Т нараас хувь тэнцүүлэн гаргуулж 1,962,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч байгууллагад, 1,220,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн болно.
Шүүх хэргийг хүлээн авч, хэлэлцээд Ө-г зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсэн.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос: https://shuukh.mn/single_case/98069?daterange=2023-01-04%20-%202024-01-04&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа