ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ШИЙДВЭР ГАРГАХДАА ДАВХЦАЛ БИЙ ЭСЭХИЙГ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ЗААВАЛ СУДЛАХ ЁСТОЙ
2024-01-16 Админ Хандсан тоо: 226 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
Тоймын дугаар, огноо: 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2023/0013 Тоймын огноо, дугаар: 01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Агуулга: М компанийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон байсныг шүүх сэргээсэн байжээ. Гэтэл уг шүүхийн шийдвэр гарахаас 1 хоногийн өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоол гарч, түүнд тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай хамрагдсан байна. Ийнхүү талбай давхцуулан шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж М компани нь сумын Хурлын тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжилжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Тодруулбал, Сумын Хурал нь Газрын тухай хууль болон холбогдох хуулиуд, тэдгээрт үндэслэж гаргасан журам, зааврын дагуу хийгдсэн судалгаанд үндэслэж, энэ дагуух лавлагааг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар эрх бүхий этгээдээс гаргуулан авч шийдвэрийг гаргахаар байтал дээрх үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч М компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагтай давхцуулан шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд,
Түүнчлэн тухайн үед уг тусгай зөвшөөрлийн талаар М компаниас тодруулах боломжтой байсан ба энэ дагуу тус шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар түүнд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэлгүй шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч М компанийн газрыг тусгай зөвшөөрлийн дагуу эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: http:// https://shuukh.mn/single_case/13511?daterange=2023-01-01%20-%202023-12-25&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэнд