ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
СТАНДАРТЫН ШААРДЛАГАД НИЙЦЭЭГҮЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТОЛСОН НЬ ТУХАЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
2023-12-12 Админ Хандсан тоо: 267 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.20-ны өдрийн №110/ШШ2023/0060
Тоймын дугаар, огноо: 2023 оны 11 дүгээр сарын 29, Дугаар 11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Гаалийн улсын байцаагч нь “Ж” компанийн импортоор оруулж ирсэн хийжүүлсэн ундаанаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хийлгэсэн шинжилгээний дүнгээр тус ундаа нь Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон тул тус компанийг хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил гаргасан гэж үзээд зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Шинжилгээний дүнгээр “Ж” компанийн импортоор оруулсан тодорхой нэр төрлийн ундаанаас Е102 нь тартразин, Е122 нь азорубин /кармозин/ нэршилтэй, будагч үүрэгтэй хүнсний нэмэлт бодисууд илэрсэн нь тогтоогдсон байх ба Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартад зааснаар дээрх төрлийн ундаанд нэмэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтийн будагч бодисын жагсаалтад Е102, Е122 будагч бодис тусгагдаагүй байна.
Хуульд зааснаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч “Ж” компани нь чанар, аюулгүй байдлын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулах үүрэгтэй бөгөөд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах шаардлагыг зөрчиж, Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй дээрх төрлийн хийжүүлсэн ундаануудыг оруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, энэ тохиолдолд гаалийн улсын байцаагч нь зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, компанид 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж шүүхээс үзэж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза