ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨ ОЛЖ АВСАН ГЭЖ ДҮГНЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙ
2023-12-12 Админ Хандсан тоо: 329 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.05.11,  101/ШШ2023/02363

Тоймын дугаар, огноо: 2023.11.30 №32

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Дэндэв нь иргэн Цогтоос өгсөн мэдээлэлд итгэл үнэмшил төрж, гадаадын нэгэн компанид хөрөнгө оруулж тогтмол ашиг орлого авч мөнгөө өсгөх зорилгоор 5,000,000 төгрөгийг иргэн Арцатын дансанд шилжүүлжээ.

Дэндэв нь хөрөнгө оруулсан гадаадын компаний цахим хаягаар орж өөрийн оруулсан хөрөнгө хэрхэн өсөж байгаа талаар хардаг байсан боловч тухайн цахим хаяг нэг л өдөр нээгдэхгүй, орж болохгүй болсноор мэдээлэл өгсөн иргэн Цогтод хэлж, мэдэгдсэн, Цогтын өгсөн мэдээллийн дагуу хөрөнгө оруулалтын 5,000,000 төгрөгөө Арцатын дансанд шилжүүлсэн тул Арцат үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлон түүнээс 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Арцат нь гадаадын хөрөнгө оруулалттай компаний талаарх мэдээллийг Цогт нь Дэндэвт санал болгож тайлбарласан байна, Дэндэв нь тухайн компанид хөрөнгө оруулагчаар элсэн орох шийдвэрээ өөрөө гаргаж, хөрөнгө оруулалтын мөнгөө шилжүүлснийг би Баатарын данс руу шилжүүлснээр тухайн компанид Дэндэвийн нэрээр түүний шилжүүлсэн мөнгөний тоогоор гадаад валют болж хөрөнгө оруулалт хийгдэж, цахим хаяг нээгдсэн, тухайн хаягаараа Дэндэв нь орж хөрөнгө оруулалт хэрхэн өсөж байгаа талаараа шалгадаг байсан, тус компаний цахим хаяг гэнэт хаагдсан. Гадаадын хөрөнгө оруулалттай сүлжээний компани байсан, би ч өөрөө хөрөнгө оруулаад хохирогч болсон, Дэндэвийн шилжүүлсэн мөнгийг би аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр Дэндэв нь Цогтын тайлбарласан мэдээ мэдээллээр гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид хөрөнгө оруулалт хийхээр сайн дураараа 5,000,000 төгрөгийг иргэн Арцатын дансанд шилжүүлсэн, Арцатаас тухайн мөнгөн хөрөнгийг иргэн Баатарын дансруу шилжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалттай компаний цахим хаягт Дэндэвийн нэртэй цахим хаяг нээгдсэн, уг хаягаар Дэндэв нь орж өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ хэрхэн нэмэгдэж байгааг шалгаж байсан болох нь, Дэндэв нь тухайн компанид хөрөнгө оруулагчийн цэнхэр багц худалдан авсан болох нь түүний цахим шууданд ирсэн зурвас захиа зэргээр нотлогдон, тогтоогдсон.

Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг, үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй юм.

Маргааны зүйл болох мөнгөн хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг хөрөнгө олж авсан этгээд гэж ойлгох бөгөөд Дэндэв мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр хөрөнгө олж авсан Арцат нарын хооронд гэрээний болон үүргийн харилцаа болох үүрэг үүсээгүй байх тул Арцатыг 5,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/128072?daterange=2023-05-01%20-%202023-05-31&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам