ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
АВТОМАШИНД ЗОРИУЛААГҮЙ ЗАМААР ЯВЖ ЭВДЭЛБЭЛ ДААТГАЛААС НӨХӨН ТӨЛӨХГҮЙ
2023-12-12 Админ Хандсан тоо: 277 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.03.02-ны өдрийн 181/ШШ2023/00688
Тоймын дугаар, огноо: 2023.05.22, шийдвэр №8
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Дандар өөрийн автомашинаар 2021 оны арванхоёрдугаар сарын 26-нд Хэрлэн голыг гатлах үедээ мөс рүү цөмөрч автомашинаа эвдэлсэн. Тэрээр автомашинаа бүрэн 100% даатгуулсан тул эвдрэл гэмтлийг засварлахад гарах 12,236,000 төгрөгийг нөхөн төлбөрт гаргуулахаар даатгалын компанидаа хандсан боловч тухайн компани нөхөн төлбөрийг олгохоос татгалзжээ.
Иймээс Дандар нөхөн төлбөр 12,236,000 төгрөгийг Даатгалын компаниас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны гуравдугаар сарын 2-нд хэлэлцэв.
Хариуцагчаар татагдсан даатгалын компани нь Дандарыг тухайн даатгалын тохиолдлын талаар мэдэгдээгүй, хохирлын шалтгааныг тодорхойлох зураг авч, баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй, гол гаталж болохгүйг олон нийтэд анхааруулсаар байхад гаталж, мөс цөмөрсөн нь зам тээврийн осол биш учраас даатгалын гэрээнд заагаагүй шалтгаанаар нөхөн төлбөр олгохгүй хэмээн маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Дандар нь осол болсноос хойш таван өдрийн дараа даатгалын компанид мэдэгдсэн, гэрэл зургуудаар автомашин эвдэрч гэмтсэн байдал тогтоогдсон.
Даатгалын тухай хуульд, “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор заажээ.
Шүүх нэхэмжлэгч Дандарыг автомашинаар явахад зориулан засаж бэлтгээгүй, зориулалтын бус гарцаар хөлдөөгүй гол, нуур гаталснаас автомашинд нь эвдрэл гэмтэл учирсан байдлыг даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж үзсэн. Иймээс нэхэмжлэгч Дандарын даатгалын нөхөн төлбөрт 12,236,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/126752?daterange=2021-01-01%20-%202023-05-25&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг