ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГАДААД УЛСАД АЖИЛД ЗУУЧИЛСАН
2023-12-12 Админ Хандсан тоо: 269 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.01.31-ний өдрийн 181/ШШ2023/000436
Тоймын дугаар, огноо: 2023.09.10, шийдвэр-хураангуй 9
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Пүрэв нь 2020 оны 12 сард Япон улсад ажилд зуучлуулахаар “М” компанид зуучлалын хөлсний урьдчилгаа 3,8 сая төгрөгийг шилжүүлсэн боловч урьдчилан мэдэх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүсч Япон улс явж чадаагүй тул уг мөнгөө буцаан гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагч “М” компани “иргэн Пүрэв Япон улс явж ажиллах боломжгүй болсон нь, өөрөөс нь хамаарсан учир мөнгөө шаардах эрхгүй” гэж маргав.
Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч “М” компани нь 2020.04.28-ны өдрийн сургалтын гэрээний дагуу нэхэмжлэгч Пүрэвийг Япон хэлний анхан шатны мэдлэг олгох Н5 түвшний сургалтад хамруулж, сургалтын явцад Япон улсад ажиллах ажлын ярилцлагыг зохион байгуулж, улмаар Пүрэвийг Япон улсын Нагацүжи Сэйко компани токарьчнаар ур чадварын дадлагажигчаар ажиллуулахаар сонгосон, үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам баталгаажуулсан, 2020 оны 12 сард Пүрэвтэй ур чадварын дадлагажигчаар ажиллах Хөдөлмөрийн гэрээг байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлолт гаргуулахаар хүсэлт гаргасан, 2021 оны 04 сард Пүрэвийн Япон улсад оршин суух зөвшөөрлийн бичиг /шар хуудас/ гарсныг 2021 оны 06 дугаар сард хүлээн авсан боловч Ковид-19 цар тахлын улмаас Япон улс ур чадварын дадлагажигч хүлээн авах ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан, хариуцагч М ХХК нь сургалт, зуучлалын ажиллагааг үргэлжлүүлж Япон улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулсан, 2022 оны 02 сард Япон улс дахь хүлээн авагч байгууллагаас нэхэмжлэгч Пүрэвийг Япон улсад хүлээн авах боломжтой болохыг илэрхийлсэн өргөдөл ирүүлснийг Пүрэвт танилцуулсан, харин Пүрэв Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллахгүй гэсэн хүсэлтийг 2022 оны 02 дугаар сард гаргасан болох нь тогтоогдож байна.
Талууд Япон улсад очиж ажил хийх зуучлалын хөлсийг 5,8 сая төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа 3,8 сая төгрөгийг төлсөн, хариуцагч “М” компани нь дээрхи тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Пүрэвийн Боловсролын удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж, Япон улсад ажиллах боломжгүй болсон гэх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.2-т заасан “хүндэтгэн үзэх үндэслэл”-д хамаарахгүй тул Пүрэв гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 3,8 сая төгрөгийг шаардах эрхгүй юм.
Шүүх нэхэмжлэгч Пүрэвийн Япон улс руу явж ажиллах боломжгүй болсонд “М” компани буруугүй болох нь баримтаар тогтоогдсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/128122?daterange=2023-01-01%20-%202023-09-06&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүгч Б.Түмэнцэцэг