ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДААГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
2023-12-12 Админ Хандсан тоо: 243 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.10.13-ны өдрийн 181/ШШ2023/03274
Тоймын дугаар, огноо: 2023.10.30, шийдвэр-хураангуй 12
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: “А” банк бус санхүүгийн байгууллага нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, иргэн Батаад 50,000,000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Доржийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г Батаатай байгуулжээ.
Иргэн Батаа эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүйгээс “А” ББСБ нь гэрээг цуцалж, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Батаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69,3 сая төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, иргэн Доржийг хамтран хариуцагчаар татсан.
Хариуцагч Дорж нь “…барьцааны гэрээг Батаа миний нэрийн өмнөөс байгуулаагүй, мөн би “А” ББСБ-тай барьцааны гэрээ байгуулаагүй…” гэж маргав.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ, барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй гэж заасан. /5.1, 9.1/
Хэрэгт авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г Батаа нь Доржийг төлөөлж бус, барьцаалуулагчийн хувиар байгуулсан байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээнд заавал тусгах барьцааны гэрээний талуудын нэр, оршин суугаа газар гэх шаардлагад Батааг бус, харин Доржийг тодорхойлох бөгөөд энэ шаардлагыг хангасан тохиолдолд барьцааны эрх үүсэх үндэслэл болно.
Шүүх бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулах тохиолдолд барьцааны гэрээнд өмчлөгчийг барьцаалуулагчийн хувиар заавал оролцуулахыг хуулиар шаардсан тул иргэн Баттай байгуулсан гэрээгээр, “А” ББСБ болон иргэн Дорж нарын хооронд барьцааны гэрээний харилцаа үүсээгүй гэж үзээд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлийн төлбөрийг иргэн Батаас гаргуулж “А” ББСБ-д олгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/128598?daterange=2023-01-01%20-%202023-11-03&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн