ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ УЛСЫН БҮРТГЭЛЭЭР БАТАЛГААЖНА
2023-12-12 Админ Хандсан тоо: 281 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:  2022 оны 07 сарын 27 өдөр, 210/МА2022/01407

Тоймын дугаар, огноо: 2023 оны 07 сарын 18 өдөр, шийдвэр-тойм: дугаар  

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Агуулга:  Нэхэмжлэгч А нь хариуцагч Э, гуравдагч этгээд Ц нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, З, Т, Б нарыг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Э нь З, Т, Б нараас итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу нэхэмжлэгч А-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, З, Т, Б нарын өмчлөлийн орон сууцыг А-д худалдсан. А орон сууцанд амьдарч байсан боловч орон сууцны үнийг төлөөгүй тул өмчлөх эрхийг А-д шилжүүлээгүй, хариуцагч Э нь уг орон сууцыг гуравдагч этгээд буюу өөрийн эх Ц-д худалдаж, Ц өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар гуравдагч этгээд Ц нь нэхэмжлэгч А-д холбогдуулан орон сууцыг чөлөөл гэсэн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхээс хариуцагч Э нь орон сууцыг А-аас чөлөөлүүлэхийн тулд өөрийн эх болох гуравдагч этгээд Ц-д орон сууцыг худалдсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн. Ингээд хариуцагч Э, гуравдагч этгээд Ц нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд Ц-ийн гомдлоор хэргийг хянахад Ц нь хариуцагч Э-тэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар орон сууц Ц-ын өмчлөлд шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, улсын бүртгэлд Ц өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан. Нэхэмжлэгч А, хариуцагч Э нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч А нь орон сууцыг эзэмших эрхгүй байна гэж дүгнэлээ.

Иймээс гуравдагч этгээд Ц нь нэхэмжлэгч А-аас орон сууцыг шаардах эрхтэй тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/24850?daterange=2022-07-27%20-%202022-07-27&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн