ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨГЧ ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ТҮҮНИЙГ БАРЬЦААЛСАН БАРЬЦААНЫ ЭРХЭД НӨЛӨӨЛӨХГҮЙ
2023-12-08 Админ Хандсан тоо: 219 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/02332

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар-10, огноо: 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

1.Өмнөх нөхцөл

Ирэн ХХК нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ ЭМ ХХК-тай байгуулж, түүнээс 500 мк.в талбай бүхий үйлчилгээний зориулалттай оффис буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авчээ.

Харин үл хөдлөх хөрөнгө Ирэн ХХК-д шилжсэний дараа ЭМ ХХК нь гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 500 мк.в талбай бүхий үйлчилгээний зориулалттай оффисыг ЭМ ХХК-д буцаан шилжүүлэхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүхээс ЭМ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үл хөдлөх эд хөрөнгийг ЭМ ХХК-д буцаан олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, үл хөдлөх эд хөрөнгийг ЭМ ХХК-ны нэр дээр шилжүүлсэн.

Ирэн ХХК нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд тус 500 мк.в талбай бүхий үйлчилгээний зориулалттай оффисыг ББСБ-д барьцаалан 500,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тус гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлж чадаагүй.

Иймд ББСБ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 297,119,723 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Ирэн ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ирэн ХХК нь үнийн дүнг хуваан төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүлээн зөвшөөрсөн.

2.Гуравдагч этгээдийн байр суурь

Тус маргаанд гуравдагч этгээдээр ЭМ ХХК оролцсон бөгөөд 500 мк.в талбай бүхий үйлчилгээний зориулалттай оффисыг өөрийн хөрөнгө тул Ирэн ХХК-ны зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, мөн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай бие даасан шаардлага гаргаж маргасан.

3.Шүүхийн шийдвэрийн үндэслэл

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 297,119,723 төгрөгийг хариуцагч Ирэн ХХК-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, гуравдагч этгээдийн гаргасан үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.

Тодруулбал, Эм ХХК болон Ирэн ХХК-ны хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалсны үр дагаварт дээрх барьцаа хөрөнгийг Эм ХХК-ны өмчлөлд буцаан шилжүүлж, өмчлөгч өөрчлөгдсөн нь ББСБ-ийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг хөндөхгүй юм.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/129034?daterange=2023-01-01%20-%202023-11-14&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа