АХУЙН МАРГААН ДААМЖИРЧ НӨХӨР НЬ ЭХНЭРТЭЭ ХӨНГӨН ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ
2023-10-06 Админ Хандсан тоо: 284 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2021/ШЦ/257

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Сүхбаатар дүүргийн прокуророос Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн эхнэр Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. 

2020 оны 07 дугаар сарын 16-ны өглөө шүүгдэгч Ч нь өөрийн эхнэр Б-тэй маргалджээ. Шүүгдэгч Ч нь өөрсдийн амьдран сууж байсан монгол гэрийг буулгаж, гэрийн буурин дээрээ нагац талын хамаатны хүнийг амьдруулахаар дангаар шийдвэр гаргаснаа эхнэртээ хэлсэн, эхнэр нь энэ шийдвэрт нь дургүйцсэнээр тэдний хоорондын маргаан гарах шалтгаан болсон. 

Гэрт нь өглөө эрт хэрүүл маргаан үүсгэсэн хэмээн шүүгдэгчийн төрсөн эх нь бэр Б-г буруутгаснаар, тэдний хооронд мөн л хэрүүл маргаан үүссэн. 

Энэ үед шүүгдэгч Ч “ээжид нь хүндэтгэлгүй хандсан” гэж эхнэрээ буруутган улмаар түүнийг зоджээ. 

Шүүгдэгч Ч-г эхнэрээ зодож байхыг түүний төрсөн хүүхдүүд нь харж, хөрш айлаас тусламж гуйж цагдаад дуудлага өгснөөр цагдаагийн алба хаагч нар ирж шүүгдэгчийг саатуулсан байна. 

Хохирогч Б нөхөртөө зодуулсны улмаас түүний тархи нь доргисон, гарын хоёр шуунд нь цус хурсан, хамрын нуруу хэсэг нь зулгарсан, зүүн нүдний доод зовхинд цус хурсан гэмтлүүд учирсан. Энэ гэмтлүүд нь “хөнгөн” зэргийн гэмтэлд тооцогддог болохыг шинжээч эмч дүгнэлт гаргаж тогтоосон. 

Шүүгдэгч Ч эхнэрээ зодоогүй гэж маргаж байсан боловч хэргийг мөрдөж шалгах явцад цугларсан хохирогч Б-ийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг тухайн үйл явдлыг харсан хүүхдүүд нь баталж мэдүүлснээр, цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын бүртгэл, Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, үнэн зөв байсан учир шүүх эдгээр нотлох баримтуудад итгэж, үнэмшиж шүүгдэгч Б нь эхнэрээ зодож хөнгөн гэмтээсэн нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Харин шүүгдэгч Ч, хохирогч Б нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг тал нь хэт давамгай байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон хэрэг биш эхнэр, нөхрийн хоорондын ахуйн шинжтэй маргааны улмаас хоорондоо муудалцаж, нөхөр нь эхнэрээ зодсон байсан тул шүүгдэгч Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж холбогдсон хэргийг нь хүндрүүлээгүй бөгөөд шүүгдэгч Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна. 

Шүүх шүүгдэгч Ч-г таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр санаатайгаар эхнэрээ зодож хөнгөн гэмтээсэн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзсэн. 

Шүүхээс шүүгдэгч Ч-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнийх нь учир 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.  

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/54883?daterange=2021-01-01%20-%202022-08-01&id=1&court_cat=2&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ