САВАНГИЙН ТҮҮХИЙ ЭД БОЛОХ ШҮЛТИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БИЕ БИЕДЭЭ ХУДАЛДСАН, ХАДГАЛСАН, ТЭЭВЭРЛЭСЭН ИРГЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-10-06 Админ Хандсан тоо: 251 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.09.01 ШТ №856

Тоймын дугаар, огноо: 2022.10.20. Хураангуй-5 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

Агуулга: Иргэн Ундрах нь өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор гэртээ саван үйлдвэрлэхээр болж иргэн Моломоос савангийн түүхий эдэд ордог “натрийн гидроксид” гэдэг бодисыг худалдан авч, хадгалж, тээвэрлэсэн байна.  

 Энэхүү “натрийн гидроксид /NaOH/” хэмээх химийн бодис нь “химийн хорт болон аюултай бодис”-д хамаардаг, хүн, амьтан амьсгалах, залгих, арьсанд хүрвэл гэмтээж, үхэлд хүргэж болох аюултай бодис юм.

Уг бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглахад тусгай зөвшөөрөл шаарддаг бөгөөд тусгай зөвшөөрөлгүй аливаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага уг бодисыг хадгалах, худалдах, тээвэрлэх болон түүнийг ашиглаж үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас иргэн Моломыг химийн хорт болон аюултай бодис болох “натрийн гидроксид” бодисыг хууль бусаар хадгалж, бусдад худалдсан гэмт хэрэгт, иргэн Ундрахыг уг бодисыг хууль бусаар худалдан авч, тээврийн хэрэгсэлд хадгалан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд, тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг бусдад худалдсан, худалдан авч хадгалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан тул шүүхээс шүүгдэгч Ундрах, Молом нарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэв.

Шүүгдэгч Моломоос гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг, шүүгдэгч Ундрахаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан химийн хорт, аюултай бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар  шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/80868?daterange=2022-01-01%20-%202022-10-22&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан.