ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТАВЬСАН ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ҮЙЛДЭЛД ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-10-06 Админ Хандсан тоо: 242 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/556
Тоймын дугаар, огноо: 2022 оны 05 сарын 25. Шүүхийн шийдвэрийн хураангуй
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Иргэн Д.Монголхүү “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хууль сахиулагч гэх ойлголтод олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг цагдаагийн алба хаагч хамаарах ба хууль зөрчсөн иргэдээс тэднийг эсэргүүцэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад болох тохиолдол цөөнгүй гардаг тул энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол 2.700.000 төгрөгөөс 14.000.000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба энэ гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй бөгөөд хүч хэрэглэн эсэргүүцсэн үеэс төгс үйлдэгдсэн тооцогддог байна.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд: жагсаал цуглаан зохион байгуулахдаа энэ тухай мэдэгдлийг урьдчилж харьяалах дүүргийн Засаг даргад гарган өгч бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй, бүртгэлгүй цуглаан зохион байгуулсан иргэн Д.Монголхүүгийн үйлдлийг таслан зогсоохоор цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг тэрээр хэрэгжүүлэхээс татгалзаж, хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдсан үйлдлийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцон 1 жилийн хугацаагаар өөрийнх нь оршин суугаа харьяалах дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.ДАРЬСҮРЭН