ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТЭНССЭН ХУГАЦААНД ГЭМТ ХЭРЭГ ДАХИН ҮЙЛДЭЖ ЯЛ ШИЙТГЭГДЭВ
2023-10-06 Админ Хандсан тоо: 195 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/106
Тоймын дугаар, огноо: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэлээ.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэлээ.
Сэлэнгэ нь 2016 онд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын хооронд иргэн Одгэрэлээс “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч 24.700.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Сэлэнгийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, мөн Сэлэнгийн ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан 1 сая төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн. Харин Сэлэнгэ нь тэнссэн хугацаанд залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Сэлэнгэ аймгийн Эрүүгийн шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн урьдах шийдвэрийг хүчингүй болгож Сэлэнгэд хууль бусаар ашигт малтмал олборлох эрүүгийн хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд тодорхой гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар заасан бөгөөд Сэлэнгийн урьд үйлдсэн хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг нь өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт хамаарч байгаа тул Сэлэнгийн тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/66629?daterange=2022-01-01%20-%202022-08-01&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун