ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ БУСДАД ШИЛЖҮҮЛЭН ӨГСӨН ЭЗЭМШИГЧ УЧИРСАН ГЭМ ХОРЫГ ХАРИУЦАН АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ
2023-10-06 Админ Хандсан тоо: 204 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2021/ШЦТ/231

Тоймын дугаар, огноо: 

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.  

Агуулга: Иргэн Ариунболд нь зуслангийн “Зунжин” дэлгүүрийн -ийн  хойд замд шөнийн 00 цаг 30 минутын орчим иргэн Батбилэгийн өмчлөлийн “Porsche Panamera” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч Ганбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Тээврийн прокурорын газраас иргэн Ариунболдыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж үзжээ.

Ариунболд нь тухайн өдөр байгууллагын дарга Золбоог зуслангийн гэрт нь хүргэж өгөхөөр Золбоогийн эцэг Батбилэгийн өмчлөлийн машиныг жолоодон явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагт тээврийн хэрэгслийг хурдыг тохиромжтой байдлаар сонгон яваагүйгээс замын зорчих хэсэгт явган зорчигч гарч ирэх үед тээврийн хэрэгслийг зогсоож амжилгүй явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон нь тогтоогдсон байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ариунболдод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 19.843.274 төгрөг нэхэмжилснийг Ариунболд нь бүрэн төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нэмж хохирогчийн Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, түүний хүү болох 11.069.082 төгрөг, бусад хохиролд 2.284.174 төгрөг, нийт 13.353.256 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хохирогчийн Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, түүний хүүг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул Иргэний журмаар уг асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Харин Ариунболдын унаж явсан тээврийн хэрэгсэл нь иргэн Батбилэгийн эзэмшлийнх тул Иргэний хуульд зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч хариуцах, мөн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч тээврийн хэрэгслийг өөрөө бусдад шилжүүлэн өгсөн бол гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх зохицуулалтын дагуу автомашины өмчлөгч Батбилэгээс амь хохирогч Ганбаатарын төрсөн охин Уянгын Солонгос улсаас Монгол улсад ирэх зардал болох 2.284.174 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн. 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/66620?daterange=2022-01-01%20-%202022-08-01&id=1&court_cat=2&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун