ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Ш.ОДОНЧИМЭГ, Д.ЭНХЖАРГАЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТАЛААР
2023-10-06 Админ Хандсан тоо: 251 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/609
Тоймын дугаар, огноо: 2022.10.25. шийдвэрийн хураангуй-7
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг, тус газрын ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 562,994,706 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, шүүгдэгч нь өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасныг хүлээн авч, прокуророос дээрх нэр бүхий этгээдүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч нар нь Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт учруулсан 562,994,706 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж 5,400,000- 27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Энэ хуулийн хүрээнд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Одончимэгийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Энхжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/80874?daterange=2022-01-01%20-%202022-10-23&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа