КАПИТАЛ БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.АРИУНБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
2023-10-06 Админ Хандсан тоо: 202 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.03.09-ны өдрийн 2023/ШЦТ/

Тоймын дугаар, огноо: №04, 2023.03.10

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Нийслэлийн  Прокурорын  газраас   шүүгдэгч А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарыг  “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс... их хэмжээний хохирол учруулсан“ гэмт   хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч А.Ариунболдыг Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс... их хэмжээний хохирол учруулсан“ гэмт  хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож нийт 104.651.984.834 /нэг зуун дөрвөн тэрбум зургаан зуун тавин нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийн хохирол учруулснаас 99,351,599,543 төгрөгийг төлж барагдуулсан,  үлдэх 5.300.385.291 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ариунболд нь 3 сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч,   шүүгдэгчийг   гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж,  үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2  жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг шүүх Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/82739?daterange=2022-01-01%20-%202023-01-10&id=1&court_cat=2&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Батжаргал